Налайх дүүрэгт тогтоосон хязгаарлалтын дэглэм энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ
Мал эмнэл зүйн үзлэгээр нэмж илэрсэн галзуу өвчний сэжигтэй мал, амьтны тохиолдол, иргэдээс ирүүлсэн дуудлага гараагүй байна. Цаашид хязгаарлалтын дэглэм, устгал нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Нэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:12 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршандын 21-16 тоотод оршин суугч иргэний хонийг барьсан золбин нохойд хийсэн Нийслэлийн Мал эмнэлгийн Ариун цэврийн лабраторийн 2017 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 131 шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон.
Дүүргийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, энэ сарын 6-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын “Мал, амьтны галзуу өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамж гарган тус хороонд 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс нэгдүгээр сарын 19-ний өдөр хүртэлх 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 6 ажилтан, Цагдаагийн хэлтсээс 10, Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч, дүүргийн Тохижилт үйлчилгээний газраас 18 ажилтан, “Ариун хүнс ХХК“-ын мал эмнэлгээс 5 нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр хязгаарлалтын бүс болон дүүргийн төв хэсгийн хороодод устгал, ариутгал, эргүүл хяналт, удирдлага зохион байгуулалтын ажлыг явуулж байна.
Энэ хугацаанд Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийг нэг удаа хуралдуулж, хороодын Засаг дарга нарт “Мал, амьтны галзуу өвчин“-өөс урьдчилан сэргийлж ажиллах чиглэлээр үүрэг чиглэл өгсөн байна.
Нийт хоёр хонь, 259 нохой, 400 ширхэг сум, 240 литр шатах тослох материал, 6 кг ариутгалын бодис зарцуулан 162 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 37 өрхөд санамж сэрэмжлүүлэг өгсөн байна. Устгасан мал, амьтныг тус дүүргийн гуравдугаар хороо их уурхайн 30 метрийн гүнтэй цооногт булж устгажээ. Мал эмнэл зүйн үзлэгээр нэмж илэрсэн галзуу өвчний сэжигтэй мал, амьтны тохиолдол, иргэдээс ирүүлсэн дуудлага гараагүй байна. Цаашид хязгаарлалтын дэглэм, устгал нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.


















