Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө
Намын санхүүжилтийг ил тод, хариуцлагыг нь чангатгаж өгснөөр Улс төрийн намын төлөвшил сайжирна.
Мэдээллийн алба

Намын санхүүжилтийг ил тод, хариуцлагыг нь чангатгаж өгснөөр Улс төрийн намын төлөвшил сайжирна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн талаар 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 500 гаруй улс төр судлаач, намын гишүүд, иргэн, хуульчид оролцсон байна. Шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр Улс төрийн намуудын тухай хуульд 10 шинэчлэл хийхээр тусгажээ. Үүнд:
- Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө
- Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно
- Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно
- Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана
- Нам шилэн данстай болно
- Намын үйл ажиллагааг явуулах доод босгыг тогтооно
- Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно
- Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна
- Намууд дотроо ТББ, фракц, одон медальтай байхыг хориглоно
- Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ гэж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Улс төрийн нам нь:
Судалгаа – бодлого боловсруулах институт
Манлайлагч - хүний нөөцийг бэлтгэх газар
Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц гэж тодорхойлсон.
Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө кампаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуульд заасан. Энэ хуулийн төслөөр улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд 2 удаа намуудын тайланг авдаг байхаар болно. Намууд сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулна.
Нэг хүн нэг л намын гишүүн байж, анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан. Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрчилсэн маягт бөглөж, гарын үсэг зурснаар баталгаажна. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн төв байгууллага дээр байрлаж, мэдээллийн цахим бааз нь иргэдэд нээлттэй байна.
Улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж 30 хувиас доошгүй хувийг нь бодлого боловсруулах, мөн 30 хувиас доошгүй хувийг нь гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах юм. Мөн 10 хувиас доошгүй хувийг нь намын бүтцийн нэгж дахь сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заажээ. Үүнийг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлнэ.
3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Ингэснээр дээрх тоонд хүрэхгүй нийт баг, мөн 160 орчим сумдын иргэд улстөржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болох юм байна.
Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах, 3001- ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцөлийг оруулсан байна. Мөн намын санхүүжилт, хариуцлагыг чангатгаж өгсөн нь намын төлөвшлийг сайжруулах, бэхжүүлэх нэг тулгуур гэж хэлж болох юм.
Улс төрийн намын санхүүжилт нь 3 төрөл байхаар тусгасан байна.
Улс төрийн намын өөрийн санхүүжилт,
УИХ дахь Улс төрийн намын бүлгийн санхүүжилт
Улс төрийн боловсролын сангийн санхүүжилт
Санхүүжилтийн эх үүсвэрт хандив, гишүүдийн татвар, аж ахуйн орлого, мөнгөн хөрөнгийн хадгаламжийн хүү, улсын төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилт орж байгаа юм. Намын санхүүг ил тод, шилэн байхаар тооцож, хуульчилж өгнө. Ингэснээр жил бүр аудитын шалгалт хийх боломж бүрдэнэ. Жилд 2 удаа санхүүгийн тайлан өгч, хэрвээ өгөхгүй бол намын санхүүжилтийг хаах, зогсоох, торгох, цаашлаад намыг тараах хүртэл арга хэмжээ авна. Санхүүгийн тайланд жил бүр аудит хийж, мөн олон нийтэд ил тод байхаар тус хуулийн төсөлд тусгажээ.
10 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, өөрчлөх шаардлагатай гэж үзсэн учраас Монгол улсын ерөнхийлөгч санаачлан энэ хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Ойрын хугацаанд буюу УИХ-н энэ намрын чуулганд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар төлөвлөөд байна.
Бэлтгэсэн Г.Ариунболд


















