Намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж хариуцлага тооцжээ
МАН-ын Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаараа Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнд хариуцлага тооцож, намын хорооны даргаас буулгасан.
Мэдээллийн алба

МАН-ын Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаараа Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнд хариуцлага тооцож, намын хорооны даргаас буулгасан. Ингэхдээ намын Хяналтын ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэжээ. Учир нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн дүнд МАН тус аймагт олонх болсон ч Засаг даргаар нь тус аймгийн АН-ын дарга томилогдсон. Харин намын удирдлагуудын зүгээс М.Бадамсүрэнг АН-ын Засаг даргатай болоход тодорхой хэмжээгээр оролцсон гэж үзжээ.
М.Бадамсүрэн эсрэг намынхаа хүнийг дэмжсэн шийдвэр гаргаж, намын удирдлага, тойргийнхоо Их хурлын гишүүнд мэдэгдээгүй нь намын дүрмийг зөрчсөн байна. Түүнчлэн намаа олонх болгохын төлөө тууштай ажилласан гишүүд, дэмжигчдийнхээ сонголтыг үл хүндэтгэн, аймгийн Засаг даргад АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцсон нь намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцсон байна.


















