"Нарантуул"-аас олдсон цогцос цэвэрлэгчийнх байж болзошгүй
Юутай ч талийгаач зах дотор ажлаа хийж байв уу, хоносон уу гэдгийг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 23-нд өглөөний 06:22 минутын үед “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах шатсан. Тус захын галыг нийслэлийн онцгой байдлын албаны 300 гаруй ажилтан 4-5 цагийн хооронд бүрэн унтрааж, галын тархалтыг цааш нь дэгдэхээс сэргийлж чадсан юм.
Харин гал гарсан нурамнаас хэн болох нь тодорхойгүй 53 настай эмэгтэй хүний цогцсыг олсон ч, хэн болохыг нь тогтоохоор цагдаагийн газар үргэлжлүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн өөр эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач тус хүнсний захын цэвэрлэгч байсан гэх таамаглалыг дэвшүүлээд байна. Учир нь өнөө хүртэл талийгаачийг асууж хэн ч сураглаагүй байгаа бөгөөд талийгаачийн гэрийг мэддэг цорын ганц хүн болох хүнсний захын менежер энэ хэргийн улмаас цагдаагийн газар саатуулагдан, шалгагдаж байгаа ажээ.
Юутай ч талийгаач зах дотор ажлаа хийж байв уу, хоносон уу гэдгийг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.


















