Нарендра Модигийн айлчлал өндөрлөв
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийгээд өнөөдөр эх орон руугаа буцлаа.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийгээд өнөөдөр эх орон руугаа буцлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат тэргүүтэй албаны хүмүүс үдэж мордуулсан юм.
Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал байсан бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой байсан. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн юм.
Түүнчлэн энэхүү айлчлал эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн гэдгийг онцолж байгаа билээ. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон.


















