Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО Польш улс дахь цэргийн хүчээ нэмэгдүүлнэ

Ирэх 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд Польш улсад НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО Польш улс дахь цэргийн хүчээ нэмэгдүүлнэ
НАТО Польш улс дахь цэргийн хүчээ нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд Польш улсад НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтыг угтан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Польшийн нийслэл Варшав хотноо айлчилжээ. Тэрээр Варшавын дээд хэмжээний уулзалтын дараа НАТО-гийн холбоотнууд Зүүн Европын бүс нутаг, тэр дундаа Польш улс дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна.

НАТО-гийн холбоотнуудад зүүн болон өмнө зүгээс тулгарч байгаа аюул заналыг сөрөн зогсохын тулд ийм шийдвэр гаргаж байгаа гэж Столтенберг тайлбарлалаа. Ингэснээр 7-р сараас эхлэн Балтын тэнгисийн орнуудад НАТО-гийн цэрэг, зэвсэг төхөөрөмжийг нэмэгдүүлж, баазуудын дэд бүтцийг сайжруулах ажил хэрэгжиж эхлэхээр болж байна.

Одоогоор НАТО-гийн цэргийн хүчийг хэдий тоогоор, аль аль оронд нэмэгдүүлэх асуудал тус байгууллагын гишүүн орнуудын дунд маргаантай хэвээр байна. Гэхдээ дээд хэмжээний уулзалтаас урьтаж, энэ асуудлаар эцэслэсэн шийдвэрт хүрнэ гэдгийг НАТО-гийн тэргүүн мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Албанийн нийслэл Тирана хотод НАТО-гийн Парламентын Ассамблей хуралдаж, ОХУ-ын аюул заналд бэлтгэлтэй байхыг гишүүн орнууддаа уриалсан байна. ОХУ өөрийн хөрш орнууддаа хүч хэрэглэж, НАТО-гийн гишүүн орнуудыг айлган сүрдүүлэхээр оролдсон нь НАТО-гийн эвсэлд хариу арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдээсэнгүй гэж тус Ассамблей мэдэгджээ.

Европ тив дэх НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн 10 жилд анх удаа өсөлттэй гараад байна. Энэ нь ОХУ-ын аюул заналаас болгоомжлох, цагаач дүрвэгчдийн хямралаас үүдэлтэй аюулгүй байдлын сорилтод бэлтгэлтэй байх зэрэг зорилтод чиглэж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Өнгөрсөн онд Европ тив дэх НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалах төсөвтөө нийт 253 тэрбум америк доллар зарцуулжээ.

Хуваалцах