“Нээлттэй ажлын байр” өдөрлөг боллоо
Өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодод “Нээлттэй ажлын байр” өдөрлөг болсон юм. Бид Чингэлтэй дүүрэгт болж буй өдөрлөгөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодод “Нээлттэй ажлын байр” өдөрлөг болсон юм. Бид Чингэлтэй дүүрэгт болж буй өдөрлөгөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Биднийг очиход өдөрлөгийн үйл ажиллагаа хэдийнэ эхэлчихсэн, ажил хайгчид болоод ажил олгогчид тус тусын эрэлдээ гарсан байв. “Оста”, “Жимбэгэр хайрхан”, “Ирмүүн” зэрэг хувийн хөдөлмөрийн биржүүд иргэдтэй уулзан, ажил санал болгож байхтай бид таарлаа.
“Оста” хөдөлмөрийн хувийн биржийн Зуучлалын мэргэжилтэн Г.Отгонцэцэг бидэнд ярихдаа “Алслагдсан дүүргийн иргэдтэй тулж харьцах, сонирхож буй ажлын байранд нь жуучлах үүднээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрт нийт 300 гаруй ажлын байр байна. Ажил олгогчдоос тавьж буй шаардлагад ажил хайж буй иргэд 70 хувьтай л тэнцдэг” гэлээ.

Өдөрлөгийг зорьж ирсэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн П.Отгонсайхан “Өмнө нь зочид буудалд ажилладаг байсан. Ажилд орох гээд бүртгүүлэх, утсаар ярихад хамгийн түрүүнд нас асуугаад эргээд холбогдоно оо гэсэн хариу өгдөг. Аль ч газар нас асуудаг юм билээ. Наснаасаа болоод ажилд орж чадахгүй байна” гэж хуучилсан.
Энд өөртөө болон ойр дотныхон, гэр бүлийнхэндээ ажил хайсан иргэн олон цугларсан байв. Ер нь энэ мэт ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зорин очдог хүн цөөнгүй ч хайсан ажилдаа ордог нь бас ховор байдаг тухай хүмүүс ярьдаг. Тус өдөрлөгийг зорин ирж, охиноо ажилд бүртгүүлсэн Ш.Эрдэнэчимэгтэй уулзлаа. Тэрбээр “Охин маань одоо 34 настай. Хөгжлийн бэрхшээлтэй хүн. Охиныгоо гэрт зүгээр суулгаад байх хэцүү юм. Өөрт нь таарах ажилд бүртгүүлчихээд буцаж явна” гэв.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хэр олон иргэн ажил хайж ирснийг тодруулахад, “Оста” хөдөлмөрийн биржийн Сургалт хариуцсан менежер Ж.Амаржаргал цөөн гээд тэдгээр хүнийг ажил олгогчид ажилд авах нь ч ховор байдаг гэсэн юм.
Ажлын байрны ихэнх хувийг жолооч, үйлчлэгч, харуул хамгаалагч, борлуулагчийн ажил эзэлж харагдсан. Харин ажилд орохоор бүртгүүлж буй хүмүүсийн нас 18-60-ын хооронд байгааг хөдөлмөрийн биржийн ажилтнууд хэлж байлаа.

Б.Дулмаа


















