Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлаж, эрх ашгаа хамгаална

Хан-Уул дүүргийн нурж унах дөхсөн, хуучирч муудсан байрнуудаа шинэчлэх ажлыг Нийслэлийн захирагчийн өгсөн зөвлөмжийн дагуу тун эрчимтэй өрнүүлэхээр зүтгэж байгаа юм байна. “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь орчин үеийн шийдэлтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлаж, эрх ашгаа хамгаална
“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлаж, эрх ашгаа хамгаална. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн нурж унах дөхсөн, хуучирч муудсан байрнуудаа шинэчлэх ажлыг Нийслэлийн захирагчийн өгсөн зөвлөмжийн дагуу тун эрчимтэй өрнүүлэхээр зүтгэж байгаа юм байна. “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь орчин үеийн шийдэлтэй шинэ орон сууц барих шийдвэрийг холбогдох газрууд нь хэдийнэ гаргасан билээ. Гэвч ашиглалтын хугацаа нь дуусч, хүн амьдрахад хэцүүхэн болоод байгаа эдгээр хуучин байрнууд эхнээсээ нурж, оршин суугчдын амь нас хийгээд эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж мэдэхээр болоод байгаа ч дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь өнөөдрийг хүртэл асуудлыг гацаасаар байгаа тухай оршин суугчид нь ярьж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудын сууц өмчлөгч иргэдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн эвлэлдэн нэгд ээ, барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэсэн зөвлөмж өгчээ. Энэ дагуу өөрсдийн орон сууцыг шинээр барилгажуулах компанийг судлан сонгож, нийт иргэдийн 80 гаруй хувь нь тухайн компанитайгаа гэрээ хэлэлцээр байгуулжээ. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалт зарлагдахад оролцох хүсэлтэй компаниуд заасан хугацаанд нь санал материалаа өгсөн аж. Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани нь Япон технологиор орон сууц барьж өгөх, барилгын ажил хийгдэх хугацаанд “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт найман метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөөр санал болгожээ.
Гэтэл сонгон шалгаруулалт хэдийнэ дуусч, оршин суугчид барилгын компанитай гэрээ хэлцэл байгуулсан хойно Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрсэн байна. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар хөөцөлдөж эхэлсэн гэж оршин суугчид хэлж байгаа аж. Түүнчлэн Засаг даргын Тамгын газрын шинэ байрыг “Орчлон констракшн” барьж өгсөн учраас энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай гэж иргэд хардаж байгаагаа нуухгүй байна.
Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн 2015 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй аж. Гэтэл энэ мэт хуулийн заалтыг зөрчин өнөөг хүртэл сонгон шалгаруулалтад оролцсоор байгаа “Орчлон констракшн”-ы талаарх иргэдийн гомдол улам бүр нэмэгдсээр...
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах “Орчлон констракшн”-ы барьж ашиглалтад оруулсан 75-а, 75-б байрны оршин суугчдын төлөөллөөс 2013 оны хоёрдугаар сарын 25-нд гомдол гарган, хэвлэлийнхэнд хандаж байжээ. / http://www.shuud.mn/?p=202481/ Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Арьс шир”-ний гэгдэх 27, 28-р байрнуудын шал нь цөмөрч, хана тааз нь цуурч нурсан талаарх мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлээр гарч байсан. “Орчлон констракшн”-ы барьсан эдгээр байрны оршин суугчид нь өвөл цонхныхоо мөсийг хагалж, зун халуун усны шугамаа засуулдаг байдал одоо ч хэвээрээ гэх мэдээлэл ч байна. 2013 оны есдүгээр сард ашиглалтад орсон тус байрнуудын хана цуурч, халуун усны шугам нь хагарч ихээхэн хэмжээний ус алдсанаас будаг шохой нь халцран унасан байна. Орон сууц нэртэй иргэдийг хохироосон чанаргүй барилга нийлүүлэгч “Орчлон констракшн”-ыг эсэргүүцэн оршин суугчид нь тухайн үед жагсаал цуглаан хийж байсан аж. Тиймээс ч “Арьс шир”-ний байрнуудын оршин суугчид “Нэхмэлийн шар”-ынханд сануулга өгснөө олон нийтэд ил болгоод байгаа. Үүнээс гадна тус компани өөр нэгэн барилгын ажил авчихаад өдийг хүртэл хийсэн зүйлгүй суугаагаа “Мөнгө байхгүй” хэмээн тайлбарласан юм байх.
Энэ мэтчилэн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулж, барилгын ажил явуулах хөрөнгө мөнгөгүй “Орчлон констракшн”-ыг эсэргүүцэгчид олширсоор байгаа нь үнэн. Хэзээ мөдгүй нурах дөхсөн байранд амь насаараа дэнчин тавьж суугаа оршин суугчид, “Тоглоомын талбай” гэж хэлэхэд ч ичмээр хүйтэн төмөр, хатуу хайрган дунд бөртийсөн хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө хэн санаа тавих вэ... “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдын хувьд “Орчлон констракшн”-ыхан орон байраа чөлөөл гэсэн шаардлага тавьснаас бус бидэнд нэг ч м2-ыг нэмж өгөхгүй гэсэн. Засаг дарга Ж.Ганхуяг хүртэл тус компаниар барилгаа бариул гэж загнах, зандрахын хооронд уулзалт хийж, цагдаагийн ажилтнуудаараа сүрдүүлсэн. Өмнө нь барьсан барилгууд эхнээсээ нурж байхад бид яагаад энэ компанийг хүчээр сонгох ёстой гэж” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Дургүйцэл бухимдал нь дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулж, Засаг даргаа огцрохыг шаардсан уриа лоозонг байрнуудынхаа гадна өлгөж орхисон нь энэ. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилвэл “Нэхмэлийн шар”-ын оршин суугчид тун удахгүй өлсгөлөн зарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ширүүхэн тэмцэхээр зэхэж байгааг эрхэм хотын даргад дуулгая. Энэ мэт Засаг дарга нарын ар өврөөр шургалж, замбараагүй аашилж байгаа барилгын компаниудаас болж эсэргүүцлийн жагсаал цуглаан, уриа лоозонгоор их бүтээн байгуулалтыг тань “чимэх” цаг тун ойрхон болжээ.

Р.Мөнгөн





Хуваалцах