Нидерландын оюутнууд ургамал ашиглаж автомашин зохион бүтээжээ
Нидерландын улсын Эйндховены технологийн их сургуулийн оюутнууд дэлхийн анхны ургамал болон бусад био материал ашиглан автомашин зохион бүтээжээ. Ургамал болон био материал гэдэгт маалингыг ашигласан юм байна.
Мэдээллийн алба

Нидерландын улсын Эйндховены технологийн их сургуулийн оюутнууд дэлхийн анхны ургамал болон бусад био материал ашиглан автомашин зохион бүтээжээ. Ургамал болон био материал гэдэгт маалингыг ашигласан юм байна. Учир нь маалинга бол харьцангуй хүйтэн бүсэд ургадаг, нэг наст ургамал бөгөөд, иш нь зотон даавууны түүхий эд болдог байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн маалингын ишээр хийсэн зотон даавуу нь эмэгтэй хүний дотуур хувцсанд мөн хэрэглэгддэг байсан байна.
Мөн маалингын энгийн ишнүүд нь хөлөг онгоцны далбаа болон майхны материалд өргөн хэрэглэгдэж иржээ. Орчин үеийн маалингын утсаар нэхсэн давуу нь агаар нэвтрүүлэх болон шингэн уусгах өндөр чадвар нь үнэлэгдэж өндөр зэрэглэлийн хувцсанд их хэрэглэгддэг. Харин маалинга нь Европ тив даяар ургадаг, ургамал учраас түүхий эд болгон ашиглахад тохиромжтой юм байна.
Лина нэртэй энэхүү автомашиныг зохион бүтээсэн оюутнууд маалингаас гаргаж авсан бүтээгдэхүүнээр машины бүрэн явах эд анги, дотор интерьер, болон их биеийг босгожээ. Харин бусад хэсгийг бүтээхдээ, дан дахин боловсруулсан материал ашиглаж хийсэн байна. Зохион бүтээгчдийн дараагийн алхам нь олон нийтийн эзэмшлийн зам дээр унаж явахад бэлэн болгох зорилготой ажиллаж байгаа юм. Машин 4 хүний суудалтай. Нийт жин нь ердөө 310 кг юм байна. Түүнчлэн цагт 80 км хүртэл хурдлах хүчин чадалтайн зэрэгцээ бүрэн цэнэглэсэн тохиолдолд 100 км замыг туулах чадвартай юм. Лина машиныг сэндвичэн хавтан болон хүрэн манжин, маалинга даавууг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийжээ.
Энэ зун тус машин аюулгүй байдлын гэрчилгээгээ авсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй болсон байна. Машины эд ангийн 60 хувийг дахин боловсруулж болно. Харин үлдсэн хэсгийг эрчим хүчний үйлдвэрүүд шатааж хэрэглэж болох юм байна.


















