Нийслэлчүүд өвөлд бэлэн үү?
Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016-2017 оны өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд нийслэлийн дулаан, цахилгааны станцуудын бэлтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Мэдээллийн алба

Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016-2017 оны өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд нийслэлийн дулаан, цахилгааны станцуудын бэлтгэлд хяналт тавьж ажиллалаа. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Амгалан дулааны станц болон ТЭЦ II, III, IV станцаар орж, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, газар дээр нь үүрэг даалгавар өгсөн юм.

Нийслэлийн дулаан хангамжийг хариуцдаг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд энэ өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасныг гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир танилцуулж байна. Шугам тоноглолын шинэчлэл, засварын ажлыг шат дараалан хийж байгаа ч, насжилт хэтэрснээс зарим хэсэгт гэмтэл гарч мэдэх байдалд хүрчээ. Тухайлбал, Таван шар орчмын салаалсан шугам 8Д магистраль элэгдэлд орсон учраас өвлийн ид ачааллын үед дулаан алдах аюул бийг хэллээ. Нийслэлийн хэмжээнд 337 км дулааны үндсэн шугам байдгаас өнөөдрийн байдлаар 45 хувь нь элэгдэлд орж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгааг танилцуулсан юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Насжилт хэтэрсэн дулааны шугамуудад өвөл гал алдах магадлал бий. Ийм учраас шугам тоноглолын засвар үйлчилгээнд зориулж төсөв мөнгийг нь шийдэх чиглэлийг Засгийн газар барьж ажиллаж байна. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч, дулаан цахилгааны салбарыг зөнд нь хаяж болохгүй. Иргэдийн амьжиргаа, өдөр тутмын амьдралтай холбоотой учраас бид энэ салбарт гол бодлогоо чиглүүлж байгаа” гэв.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2016 онд 200 гаруй шинэ объектыг дулаанд холбожээ. Өмнө нь шинэ барилга объектууд дулаанаа авахын тулд урьдчилж гурван сарын мөнгө төлдөг байсан бол одоо тоолуураар дулааныхаа төлбөрийг хийх зохицуулалттай болсон. Цаашид Баянхошуу, Амгалан зэрэг байршлын гэр хорооллыг төвлөрсөн системд холбохоор ажлын хэсэг гарч ажиллаж эхэлснээ танилцуулсан. Үүний цаана нийслэлийн агаарын бохирдол, утааны эсрэг бодлого агуулагдаж байгааг онцоллоо.

“ДЦСIII” ТӨХК өнөөдрийн байдлаар 140 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж, график төлөвлөгөөний дагуу нүүрсээ татаж, засвар шинэчлэлийн ажлууд ерөнхийдөө нугалагдсаныг гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн танилцууллаа. “ДЦС III” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар өргөтгөх төслийн ажил хүлээлттэй байгаа. Хэрэв үүнийг Засгийн газраас дэмжвэл Улаанбаатар хотын төв болон 40, 50, 220 мянгат, 5 дугаар хороолол, Бага тойруу зэрэг 10 гаруй байршлын дулаан хангамж сайжирч, шинээр 25000-30000 айлын орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Мөн төвийн эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөж, ОХУ-аас авч буй импортын эрчим хүчний хэмжээг бууруулсны дүнд импортын төлбөрөөс 10.0-15.0 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Харин энэ төслийн тендэрийг зарлаж, гүйцэтгэгч тодорвол ирэх хавар, зунаас бүтээн байгуулалт ундарна гэдгийг Ерөнхий инженер Ү.Төмөрхуяг ярьсан юм.

“ДЦС IV” ТӨХК Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний 52 хувийг хангадаг томоохон үйлдвэр юм. Монгол улсын эрчим хүчний системийн ачааллыг нуруундаа үүрдэг энэхүү станцын хувьд өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь базаажээ. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг нүүрсний хангамж хэвийн, 21 хоног буюу 185 мянган тоннын нөөцтэй байгааг танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс станцын гол түүхий эд болох нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн санхүүгийн асуудлыг яаралтай шийдэж өгсөн нь өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад гол хөшүүрэг болсныг гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон. Дээрх уурхайнуудад төсвийн зээлээр 20 тэрбум төгрөг шийдсэн нь цахилгаан станцуудад нүүрсээ хэвийн хэмжээнд нийлүүлэх боломж бүрдэж, авахад бэлэн нүүрсний нөөц 380 мянган тонн, өвлийн ид ачааллын үед 450 мянгад хүрэх болсныг удирдлагууд нь тодотгосон юм.

Өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан ч, тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, найман зуухаа өндөр ачааллаар ажиллуулахад нүүрсний илчлэг багадаж мэдэхээр байгаа аж. Энэ талаар Түлш дамжуулах цехийн дарга П.Баяр-Эрдэнэ “Шивээ Овоогийн нүүрсний илчлэг буурч, 2015 онд дундаж илчлэг 2967 Ккал, Багануурынх 3360 Ккал байсан. Үүнийг холиод түлэхэд дундаж илчлэг энэ онд 3250 Ккал байна. Найман зуухаа ажиллуулж, ачаалал нэмэгдүүлэхийн тулд нүүрсний илчлэгийг өндөржүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор ирэх жилийн төлөвлөгөөнд Багануурын уурхайгаас 60 хувь, Шивээ Овоогоос 40 хувийн нүүрсээ хангах санал өгөөд байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар “ДЦС IV” ТӨХК нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүч, 1373 Ккал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.


Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү “ДЦС II”ТӨХК болон Амгалан дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Өвлийг өнөтэй давах их ажлын ард гарч, 98 хувьтай байгаа үзүүлэлтийг удирдлагууд нь хэлж байв. Нүүрсний нөөцөө биелүүлж, ус хангамжийн хувьд ч хангалттай байгааг ярьж байгаа юм.


Эрчим хүчний сайд П.Ганхүү “Улсын хэмжээнд эрчим хүчний 26 үйлдвэр компани цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулах үүрэгтэй ажилладаг. Мөн Шивээ-Овоо, Багануур, Шарын голын уурхайнууд нүүрсээр хангаж байна. Өнгөрсөн долоо хоногт бүх салбар үйлдвэр, компаниудаас өвлийн бэлтгэл хангагдсан тайлан мэдээлэл бидэнд ирүүлсэн ч, газар дээр нь хяналт тавихаар яамны зүгээс ажлын хэсэг гарах болсон. Эрчим хүчний яамны сайд, удирдлагуудаар ахлуулсан багууд бүх бүсэд очиж ажиллан, өвлийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих болно” гэсэн юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам


















