Нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг чадавхжуулах дараагийн сургалт 21 аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулан 5 бүсэд энэ сард зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

"Халамжаас-хөдөлмөрт" бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын мэргэжилтэн албан хаагчдын чадвар, мэдлэг, мэргэшсэн байдал чухал учраас нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор хувь хүний хөгжлийн сургалтыг бүсчлэн зохион байгуулж эхэллээ.
Эхний сургалт Багануур дүүрэгт зохион байгуулагдаж, Нийслэлийн хөдөлмөр, эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдлага, нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтнүүд, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд бүхий 100 шахам хүн оролцож байна.
Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, Хууль эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөр, Албан хэрэг хөтлөлт, Хувь хүний хөгжлийн талаар мэдлэг олгох чадавхжуулах сургалт хөтөлбөрт багтсан. Мөн энэ үеэр ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл "Халамжаас хөдөлмөрт бодлогын хэрэгжилт" сэдвээр танилцуулга хийнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг чадавхжуулах дараагийн сургалт 21 аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулан 5 бүсэд энэ сард зохион байгуулагдана.
Сургалтыг Дэлхийн банкны “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дэмжин хамтран зохион байгуулж байна гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.




















