Нийт нутгийн 80 орчим хувьд өвөлжилт хэвийн байх судалгаа гарчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр мал аж ахуйн салбарын намаржилтын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр мал аж ахуйн салбарын намаржилтын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.
Намаржилт одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд ургамалжилт муу үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын ургац ихэнх нутагт 0.1- 6.0 ц/га, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Рэнчилхүмбэ, Шинэ-Идэр, Архангайн Цахир, Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Жаргалант, Булганы, Хангал, Бугат, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Баянгол, Сүхбаатар, Орхоны Улаантолгой, Эрдэнэт, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Сүхбаатарын Түмэнцогтод 6.1-10.0 ц/га, Архангайн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуулд 11.2-13.8 ц/га байгаа нь өмнөх жилээс 40 хувиар илүү сайн байгаа нь хадланд бэлтгэлд сайнаар нөлөөлж байгаа талаар салбарын яамнаас хэллээ. Гэвч есдүгээр сарын цаг агаарын мэдээгээр хур тунадас элбэг, сарын дунд 10 хоногоос сэрүүсч шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй байгаа. Ойрын хоногуудад ч, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орохоор байгаа тул хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүддээ уриалж байгаа аж.
Энэ жилийн хадланд дугуйт трактор 7101, бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт 5806, хаман боогч 621, морин хадуур 1000, гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур 5000 ширхэг ашиглаж байна. Одоогийн байдлаар малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэж өмнөх долоо хоногоос 200.0 мянган тн-оор нэмэгджээ. Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгэж эхлээд байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөл, хаврын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 60.0 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь даац хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл, нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь буюу 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа юм.
Отор нүүдлийн зохион байгуулалт, худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалт, малын хашаа, хорооны ариутгалын ажлыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг нийт малчид, иргэд, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд анхааруулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















