Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хуралдаанаар байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авав. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуултдаа, энэ конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын хэдэн хуульд ямар ямар өөрчлөлт орж байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Олон улсын конвенцид нэгдэн орсноор Монгол Улс ямар дэмжлэг, туслалцаа авах, мөн үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан аваарын дийлэнхэд уул уурхайн салбарт ажиллагсад өртдөг болсон талаар танилцуулгад дурдагдсан. Энэ осол ил, далд уурхай болон том гэж яригддаг уурхайд гарч байна уу, эсвэл “нинжа” гэж нэрлэдэг гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хүрээнд гарч байна уу гэдгийг асуув.
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэхүү Олон улсын конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох асуудал байхгүй. Конвенци батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар холбогдох дүрэм, журам, стандартуудыг гаргах шаардлагатай байгаа. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын осол аваар, эндэгдэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн асуудал өндөр гарч байгаа. Танилцуулгад 2012-2014 оны статистик тоон мэдээлэл буюу хоёр жилийн тооцоо судалгаа дурдагдсан. Уул уурхайн салбарт гарч байгаа осол аваарын шалтгааныг судалж үзэхэд нийтдээ 20 орчим хувь нь техник, тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлээс хамаарсан үзүүлэлт гарч байгаа. Мөн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөөгүй, аюулгүй ажиллагааны арга барил дутмаг, энэ чиглэлээр хангалттай суралцаагүйтэй холбоотой. Түүнчлэн бусад хүрээнд гал буюу химийн бодис, тэсрэх материалтай хамааралтай осол эндэгдэл гарч байна. Энэ конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлоход суурь болж өгөх юм. Мөн талуудад нэмэлт, үүрэг хариуцлагуудыг бий болгоно гэв.
Ингээд “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 78.9 хувийн саналаар дэмжлээ.


















