Нисэх онгоц хоорондын аюулгүй зайг 30 км болгоно
Монгол Улс энэ оны есдүгээр сарын 18 гэхэд агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох ажлыг хийж дуусан, шинэ үйлчилгээнд шилжинэ.
Мэдээллийн алба

Монгол Улс энэ оны есдүгээр сарын 18 гэхэд агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох ажлыг хийж дуусан, шинэ үйлчилгээнд шилжинэ. Өмнө нь бодит ажиглалтаар онгоцыг удирддаггүй байх үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байсныг бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Одоо дахин багасгаж 30 км болгох ажил ирэх сараас хэрэгжиж эхлэх юм.
Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, бичиг баримтуудад өөрчлөлт оруулах гээд олон ажлыг иргэний нисэхийн салбарын хамт олон амжуулаад байна. Өнөөдрийн байдлаар таван радиолокатор, мөн тооны ADSB буюу хамааралтай ажиглалтын систем ажиллаж байгаа.
Мөн энэ ажилд чухал шаардлагатай нислэгийн удирдагч нарыг бэлтгэх үүднээс Тайландын вант улсын “Aerotai” компанитай хамтарч хийх нислэгийн удирдагч нарын сургалтыг таван удаа зохион байгуулж, 60 гаруй хүнийг хамруулаад байна. Мөн хойд, урд хоёр хөрштэйгээ харилцан ажиллагааны гэрээгээ шинэчилж байгуулсан гээд холбогдох бүх ажлуудыг бэлэн болгоод байна. Одоо агаарын хөдөлгөөний үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах ба үүнийг хийж гүйцэтгэснээр бэлтгэл ажил бүрэн хангагдах юм.
Манай улсын хилээр орж ирсэн агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг хоёр хөрш төдийгүй агаарын тээвэрлэгч нар тааламжтай хүлээн авч байна. Монгол Улсын агаарын зай дахь өнгөрөлтийн нислэгийн аюулгүй ажиллагааг Хойд Ази болон Ази Номхон Далайн бүсийн хэмжээнд өндөр түвшинд хүргэхэд ихээхэн ахиц болно гэдгийг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн талархалд онцлосон байна.
Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрч буй өнгөрөлтийн нислэгийн цэвэр гүйцэтгэл эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3555 нислэгээр нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн жилүүдийн нислэгтэй харьцуулахад “Air China” компани 506, “KLM” буюу Голландын агаарын тээврийн компани 524, “China eastern Airlines” 556, “China southern” 1438 нислэгийг нэмж үйлдсэн байна. Мөн Германы “Lufthanza cargo” компани 345, “TNT” агаарын тээвэрлэгч 236, Хонгконгийн “Catayfacific” 347, “British airvays” 556 нислэг нэмжээ.
Мөн манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн. Чехийн “Chekh airlines”, Олон улсын шуудан тээврийн “Fedex”, Филиппин улсын “Philippine airlines”, Израйл улсын “Izrail airlines” гэсэн дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрлөө авч, хоёр нь эхлээд байгаа. Энэ бүхэн олон улсын агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах талаар манай улсын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн түрүүчээсээ гарч буйн илрэл юм.


















