"Ниссан Мотор" Брекситийн дараа Их Британи дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Японы "Ниссан Мотор" компани Их Британи Европын холбооноос гарснаас хойш Британи дахь үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Мэдээллийн алба

Японы "Ниссан Мотор" компани Их Британи Европын холбооноос гарснаас хойш Британи дахь үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Ингэснээр "Ниссан Мотор" Брекситийн дараа Британи дахь үйл ажиллагагааа хэвээр хадгалах шийдвэр гаргасан Японы анхны автомашин үйлдвэрлэгч болж байна.
Их Британийн Засгийн газрын дэмжлэг, баталгаа зэрэг нь "Ниссан Мотор" компанийг Сандерленд дэх үйлдвэртээ хоёр өөр төрлийн шинэ загварын автомашин үйлдвэрлэн гаргах шийдвэрт хүргэсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Карлос Гон мэдэгджээ.
"Ниссан Мотор" нь Сандерленд дэх үйлдвэртээ жилд 500 гаруй мянган автомашин үйлдвэрлэдэг нь Британид үйлдвэрлэгддэг Японы нийт автомашины гуравны хоёртой тэнцдэг гэсэн үг юм. Энэ сарын эхээр "Ниссан Мотор"-ын гүйцэтгэх захирал Карлос Гон Британи Европын холбооноос гарснаар бизнесийн салбарт нөлөөлөхгүй гэсэн баталгаа гаргахыг Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгээс хүссэн юм.
Британи нь ирэх 2017 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд Европын холбооноос гарах яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Их Британид үйл ажиллагаа явуулдаг Японы компаниуд Европын холбоо руу гаргах экспортын бүтээгдэхүүнд нь татвар ногдуулах вий гэж болгоомжилж байгаа юм. "Ниссан Мотор"-ын энэ шийдвэр Их Британид үйл ажиллагаа явуулдаг Японы 1000 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэхэд эерэг нөлөөлөл үзүүлэх болов уу гэж эдийн засагчид нь таамаглаж байна.


















