Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон даатгалын зохицуулалтын орчныг бүрдүүлнэ

Олон улсын хэмжээнд дэлхийн дулаарал, орчны бохирдол, озоны давхаргын цоорол зэрэг хүрээлэн буй орчны доройтолтой тэмцэх үүднээс тогтвортой хөгжлийн бодлогыг баталж, тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ногоон даатгалын зохицуулалтын орчныг бүрдүүлнэ
Ногоон даатгалын зохицуулалтын орчныг бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хэмжээнд дэлхийн дулаарал, орчны бохирдол, озоны давхаргын цоорол зэрэг хүрээлэн буй орчны доройтолтой тэмцэх үүднээс тогтвортой хөгжлийн бодлогыг баталж, тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлж байна.

Ногоон даатгал нь тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх нэг хэлбэр бөгөөд ногоон хөрөнгө оруулалт, ногоон бүтээгдэхүүнүүд нь үүнд багтана. Ногоон даатгал буюу хүрээлэн буй орчинд ээлтэй даатгал /eco-friendly/-ын бүтээгдэхүүн нь цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болох зорилготой.

Монгол Улсын хувьд УИХ-аас “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан бөгөөд улмаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар олон улсад мөрдөгдөж буй ногоон эдийн засгийн нийтлэг зарчим, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх мөн ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ногоон таксономи”-ийг баталж ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийг бий болгох үндэс суурийг тавьсан. Манай улсын даатгалын салбарын эрх зүйн орчинд ногоон даатгал гэх нэр томьёоллыг тодорхойлоогүй ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдох даатгалын бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Жишээлбэл, “Практикал” даатгалын унадаг дугуйны иж бүрэн даатгал, “Номин” даатгалын приус автомашины даатгал зэрэг байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжсэн даатгалын бүтээгдэхүүнүүдээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд байна. Эндээс дүгнэхэд ногоон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх эрэлт үүсч байгаа бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд ногоон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь томоохон түлхэц болох юм.

УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, олон улсын туршлага, цаг үеийн чиг хандлагад үндэслэн СЗХ нь “ногоон даатгал”-ын нэр, томьёолол, зохицуулалтыг даатгалын салбарын эрх зүйн орчинд тусгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн холбогдох хавсралт журам, заавруудад ногоон даатгалтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгахаар тогтоолын төслийг боловсруулаад байна.

Та бүхэн энэ тогтоолын төсөлтэй энд дарж танилцааад санал, хүсэлтээ mandaljav@frc.mn цахим хаягаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах