Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хоёр удаа, ажлын дэд хэсэг нэг удаа хуралдаж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 15, найруулгын чанартай 16 саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж буйг Байнгын хорооны танил

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулав. Уг хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох бусад харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хоёр удаа, ажлын дэд хэсэг нэг удаа хуралдаж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 15, найруулгын чанартай 16 саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж буйг Байнгын хорооны танилцуулгад дурдав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлахад, гишүүн Ц.Даваасүрэн сумдад соёлын төв, сургуулийн номын санг нэгтгэж нэгдсэн нэг номын сантай байх нь зөв биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр энэ хууль нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Сумдад нийтийн номын сан, сургалтын номын сан гэж тусдаа байх юм. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй, нийлүүлж нэгтгэх нь ч зохимжгүй. Сургуулийн сургалтын номын сангийн зорилго, түүнд авах номын сэдэв, агуулга нь ч нийтийнхээс өөр байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн номын санд авах номын жагсаалтыг боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгөв. Энэ талаар байнгын хорооноос дэмжсэн “бүх шатны сургалтын байгууллага нь сургалтын номын сантай байна” гэсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэн юм.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах