Норвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ
Германы “Билд” хэвлэл НҮБ-ын тайланд үндэслэн улс орнуудыг амьдралын чанарын үзүүлэлтээр нь жагсаасан чансаа гаргажээ.
Мэдээллийн алба

Германы “Билд” хэвлэл НҮБ-ын тайланд үндэслэн улс орнуудыг амьдралын чанарын үзүүлэлтээр нь жагсаасан чансаа гаргажээ. Жагсаалтад 189 улсыг эрх чөлөө, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил зэрэг шалгуураар үнэлсэн байна.
НҮБ-ын энэ тайлангаас харахад, дэлхий даяар амьдралын чанар өсөх хандлага гарсан гэнэ. Ингээд хүний хөгжил, амьдралын чанарын хамгийн өндөр үзүүлэлттэй улсад 62 улс багтсанаас тэргүүн байрт Норвеги улс, хоёрдугаар байрт Швейцарь, гуравдугаарт Ирланд оржээ.
Тэгвэл дөрөвдүгээр байрыг Герман, Хонгконг хувааж эзэлсэн байна. Гэхдээ НҮБ Хонгконгийг хүний хөгжлийн түвшнээр нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс өмнө үнэлсэн гэж Германы хэвлэлд мэдээлжээ.
Шилдэг 10 улсад мөн Австрали, Исланд, Швед, Сингапур, Нидерланд орсон байна. Амьдралын чанарын үзүүлэлтээр хамгийн муу байж, сүүл мушгисан орнуудаас нэрлэвэл Бурунди, Өмнөд Судан, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигер улс оржээ.


















