Ноцтой зам тээврийн осол гарч 7 настай хүүхэд хүнд гэмтжээ
жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, заавал ч үгүй явган хүний гарцаар гарч байхыг зааж сургах, явган хүний гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам
Мэдээллийн алба

Энэ сарын 4-нд буюу өчигдөр 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд явган зорчигч 7 настай хүүхэд “Приус” маркийн автомашинд мөргүүлж хүнд гэмтэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн маш харамсалтай осол гарсан байна.
Тухайн үед явган зорчигч эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.А дахь хэсэгт “... 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасдаггүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Дээрх ноцтой осолтой холбогдуулан жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, заавал ч үгүй явган хүний гарцаар гарч байхыг зааж сургах, явган хүний гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















