Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ: Афганистанд хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна

Нэгдсэн Үндэстний байгууллагаас Афганистан улс дахь Талибан хөдөлгөөн болон аюулгүйн хүчний хоорондын мөргөлдөөний уршгаар хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ: Афганистанд хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна
НҮБ: Афганистанд хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас Афганистан улс дахь Талибан хөдөлгөөн болон аюулгүйн хүчний хоорондын мөргөлдөөний уршгаар хохирол амсаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Афганид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланд дурдсанаар, энэ оны эхний хагасын байдлаар тус улсын нийт хүн амын дунд мөргөлдөөний улмаас хохирсон иргэдийн тоо 5183-т харин амиа алдсан иргэдийн тоо 1659-т хүрсэн гэж бүртгэгджээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 47 хувиар өссөн дүн юм байна. энэ нь тус байгууллагын 2009 оноос хойш явуулсан судалгаан дотроос хамгийн өндөр дүнд тооцогджээ.

Хохирол амссан иргэдийн дотор 1682 нь бага насны хүүхдүүд байгаа бол энэ нь хохирол амссан нийт хүн амын 32 хувийг эзэлж байгаа аж. Афгани дахь АНУ-ын цэргүүд ирэх 8 дугаар сарын сүүл гэхэд тус улсын нутаг дэвсгэрээс бүрэн гарахаар зэхэж байгаа энэ үед Талибан хөдөлгөөний дайчид давшилтаа улам эрчимжүүлсээр байна.

Ингэснээр тус улс дахь нөхцөл байдал улам дордож байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистаны 35 мянга гаруй энгийн номхон иргэд зэвсэгт мөргөлдөөний уршгаар амиа алдсан бол ойролцоогоор 65 мянга гаруй хүн шархадсан талаар Афганид дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланд онцолсон байна.

Хуваалцах