НҮБ: Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэх нь бараг баталгаатай боллоо
Шинэ коронавирусний тахлаас шалтгаалан дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэх нь бараг баталгаатай боллоо гэж НҮБ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Шинэ коронавирусний тахлаас шалтгаалан дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэх нь бараг баталгаатай боллоо гэж НҮБ мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш пүрэв гарагт энэ талаар цахимаар мэдэгдсэн байна.
Тэрбээр “Одоогоор үүсээд байгаа олон улсын эрүүл мэндийн хямрал НҮБ-ын 75 жилийн түүхэнд тохиолдсон хямралуудаас ялгаатай байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээр дэлхийн өнцөг бүрт ажил хийдэг хүмүүс оны төгсгөл гэхэд 3.4 их наяд ам.доллартай тэнцэх орлогоо алдах тооцоо байна” гэж мэдэгджээ.
Мөн вирусний тархалтыг барих гэж хичээж байгаа хөгжиж байгаа улс орнуудад туслах олон улсын хамтарсан үйл ажиллагаа явуулахыг уриаллаа. Антонио Гутериш “Хэрэв вирус түймэр шиг тархвал, ялангуяа эмзэг буурай орнуудад тархвал, олон сая хүнд үхлийн аюул дагуулна” гэсэн байна.
Антонио Гутериш "Их 7"-гийн хурлыг цахимаар зохион байгулах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


















