НҮБ Ливид Африк цагаачдыг боолчилж худалдаалж байгааг буруушаасан мэдэгдэл гаргалаа
НҮБ-ын аюулгүйн зөвлөл Ливид Африкийн хууль бус цагаачдыг боолчилж худалдаалж байгааг хүний эрхийн ноцтой зөрчил, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж үзэн буруушаасан мэдэгдэл гаргаад байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын аюулгүйн зөвлөл Ливид Африкийн хууль бус цагаачдыг боолчилж худалдаалж байгааг хүний эрхийн ноцтой зөрчил, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж үзэн буруушаасан мэдэгдэл гаргаад байна. Аюулгүйн зөвлөлийг даргалагчийн энэ мэдэгдлийг тус зөвлөлийн гишүүн 15 орон дэмжин баталжээ.
Энэ мэдэгдэлд мөн цагаач, дүрвэгчдийг боолчилж, зарж худалдаалж байгаа этгээдүүдийг илрүүлж хариуцлага тооцохын тулд мөрдөн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлэхийг шаардсан байлаа. Өнгөрсөн сарын сүүлчээр Ливид Африкчуудыг боол мэтээр зарж худалдаалж байгааг харуулсан мэдээ мэдээлэл дэлхийгээр нэг цацагдсантай холбоотойгоор энэ асуудлыг аюулгүйн зөвлөл хэлэлцэж мэдэгдэл гаргаад байна. Аюулгүйн зөвлөл Ливийн эрх баригчид болон НҮБ-ын гишүүн орнуудад хандаж олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цагаачдын эрхийг хангахыг уриалж байна.


















