НҮБ: Украины дотоодод 7 сая гаруй хүн дүрвэжээ
НҮБ-ын мэдээгээр Украины дотоодод 7.1 сая гаруй хүн байнгын оршин суудаг газар орноосоо дүрвэн, нүүн шилжиж байгаа бол 4.6 сая гаруй хүн баталгаатай аюулгүй байдал эрэлхийлэн хилийн чанад руу гарсан байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын мэдээгээр Украины дотоодод 7.1 сая гаруй хүн байнгын оршин суудаг газар орноосоо дүрвэн, нүүн шилжиж байгаа бол 4.6 сая гаруй хүн баталгаатай аюулгүй байдал эрэлхийлэн хилийн чанад руу гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик өчигдөр Нью-Йоркт энэ тухай мэдээлжээ. Тэрбээр “Долоо дахь долоо хоногтоо эрчимтэй үргэлжилж байгаа байлдааны ажиллагааны улмаас ойрын үед гарч байгаагүй хурдацтайгаар дүрвэгч шилжин суурьшигчдын хямрал дэлхийд нүүрлэлээ” гэжээ.
Стефан Дюжаррик мөн “Украин хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь гэр орноосоо дайжсаныг дурдаж, ус хангамжийн дэд бүтцүүдэд халдлага үйлдэж, тог цахилгаан тасарсны улмаас Украины зүүн бүсэд 1.4 сая орчим хүн усгүй, дахиад 4.6 сая хүн усны олдоц маш хязгаарлагдмал нөхцөлд байгаа"-г дурджээ.
Үүний сацуу НҮБ-ын албан ёсны төлөөлөгч “Хямралыг нэг мөр үр дүнтэй зохицуулах үүднээс НҮБ талуудын хооронд өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийн төлөө байгааг” нотлон тэмдэглэсэн байна.
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бодит үр нөлөө авчрах, үйл явцад дөхөм үзүүлэх бол хаашаа ч очиж ажиллахад бэлэн байгаа” гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд ярьжээ.


















