Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган өнгөрсөн шөнө боллоо. Чуулганаар Орос Украины хямралын цаашдын асуудлыг хэлэлцлээ. Мөн ОХУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж байгааг буруушаасан тогтоолыг батлах санал хураалт явууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган тогтоол баталлаа
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган тогтоол баталлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган өнгөрсөн шөнө боллоо. Чуулганаар Орос Украины хямралын цаашдын асуудлыг хэлэлцлээ. Мөн ОХУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж байгааг буруушаасан тогтоолыг батлах санал хураалт явууллаа.

Санал хураалтад, НҮБ-ын гишүүн 193 улсын төлөөлөл оролцсоноос, 141 нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Үүний дотор, аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр санал өгөхөөс түдгэлзэж байсан Арабын нэгдсэн Эмират улс багтсан байна.

Харин санал өгөхөөс түдгэлзсэн Хятад, Энэтхэг зэрэг 35 улс орон байв. Мөн Оросын холбоотон гэгддэг Куба болон Никарагуа улсууд ч энэ удаад түдгэлзсэн санал өгснийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Беларусь, Сири, Умард Солонгос, Эритрей болон ОХУ гэсэн 5 улс эсрэг санал өглөө.

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралд Москва байнгын гишүүн орны хувиар хориг тавьж байсан бол тусгай чуулганы санал хураалтад хориг тавих эрхгүй байдаг. Санал хураалтын дараа НҮБ-аас байр сууриа илэрхийлсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд, энэ тогтоолын дагуу тууштай байж, уриалгыг удирдлага болгон ажиллах нь миний үүрэг юм. Одоо галаа зогсоож, дипломат яриа хэлэлцээний үүд хаалгыг нээх нь чухал байна. НҮБ-ын дүрмийн дагуу, Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстой. Одоо Украинд, нөхцөл байдал улам хурцдаж байна. Украины ард түмнийг дэмжихийн тулд хамтдаа нэгдэцгээе. НҮБ-ын жинхэнэ хүч чадал, жинхэнэ зорилгыг дэлхий нийтэд харуулцгаая.

Тус тогтоолд ОХУ-ыг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, Украин улсын олон улсын хэмжээнд, хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаараас, Оросын бүх цэргийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр гаргахыг шаардсан байна. Мөн Украины Зүүн хэсгийн салан тусгаарлагч 2 мужийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахыг ОХУ-д хандан уриалжээ.

Ерөнхий ассамблейн чуулганаас баталсан тогтоол нь хууль эрхзүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч олон улсын санаа бодлыг тусгах нөлөөтэй байдаг. Тусгай чуулганы хуралдааны журмын дагуу тогтоол батлахад санал өгсөн орнуудын 3-ны 2 нь дэмжих ёстой байдаг бөгөөд харин түдгэлзсэн санал тоологддоггүй аж.

Хуваалцах