НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбооны чуулга уулзалтад оролцов
НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбооны VII чуулга уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл Баку хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 25-27-нд болж,
Мэдээллийн алба

НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбооны VII чуулга уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл Баку хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 25-27-нд болж, 140 улсын төлөөлөгчид оролцов. Чуулга уулзалтын нээлтэд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбооны дээд төлөөлөгч Насир Абдулазиз Аль-Насер, Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануель Гарсия- Маргальо, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан нар үг хэлэв.
“Нээлттэй нийгэмд хамтран аж төрөхийн сорилт ба зорилго” ерөнхий сэдвийн дор болсон тус чуулганы бүгд ба салбар хуралдаануудаар терроризм, хэт даврагчдын өдөөж буй харгис хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, үүний тулд янз бүрийн шашин, соёл иргэншлүүдийн хоорондын яриа, хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, түүнд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, даяаршсан иргэншлийн нөхцөл дэх боловсрол, соёл урлаг, спортын үр нөлөөг зохистой ашиглах зэрэг асуудлуудыг голчлон хэлэлцэв.
Тус чуулга уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож, Азербайжан болон бусад улсын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцов.
НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбоо нь Испанийн Ерөнхий сайд Жозе Луис Родригуез Запатеро, Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоан нарын санаачилгаар 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 59 дүгээр чуулганаар байгуулагдсан бөгөөд янз бүрийн шашин, соёл иргэншлүүдийн хоорондын яриа, хамтын ажиллагааны үндсэн дээр хэт даврагчидтай тэмцэх зорилготой юм.


















