Нөхрийнхөө хүслийг гүйцээхийн тулд цагдаагийн байгууллагад ажиллажээ
“Ажилдаа яваад ирье” гээд гарсан хүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй гэж бодохоор үнэхээр хэцүү.
Мэдээллийн алба

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийнхэн оролцов. Улсын хэмжээнд 90 гаруй алба хаагч хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж байхдаа амиа алдсанаас 15 нь Тээврийн цагдаагийн албанд ажилладаг байжээ. Тэдний гэр бүлийнхний төлөөлөл С.Уранчимэг “Миний хань Д.Ганбат Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар 21 дэх жилдээ ажиллаж байгаад 2001 онд 40 насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. “Ажилдаа яваад ирье” гээд гарсан хүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй гэж бодохоор үнэхээр хэцүү. Хань минь 2000 онд хууль бусаар спирт оруулж ирсэн хэргийг илрүүлээд 54 мянган төгрөгөөр шагнуулж байлаа” хэмээн ярив. Тэрбээр нөхрийнхөө хүслийг гүйцээхийн тулд цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарчээ.
Хурандаа Д.Амарсайхан “Хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймагт цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа алтан амиа алдлаа. Цагдаа нар иргэд, олон нийтийн амар амгалан байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Тиймээс “Бид мартахгүй” арга хэмжээний хүрээнд эрэлхэг баатруудаа үеийн үед мөнхөлж, дурсан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай” гэв.


















