Нууц хадгалалт, хамгаалалтыг хэрхэн хангах талаар мэдээлэл, анхааруулга өгөв
Долоо хоногийн товчийн дагуу энэ баасан гарагт Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүнд “Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах тухай” болоод “Нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтууд явагдав.
Мэдээллийн алба

Долоо хоногийн товчийн дагуу энэ баасан гарагт Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүнд “Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах тухай” болоод “Нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтууд явагдав.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэгтэй холбогдуулан мэдүүлгээ хэрхэн үнэн зөв бөглөх, юунд анхаарах, нийтлэг гаргадаг алдаануудын талаарх мэдээллийг тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн офицер, ахлах дэслэгч Д.Отгонгэрэл өгсөн юм.
Тэрбээр “Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. Мэдүүлэг гаргахад гурван нөхцөл. Үүнд шинээр томилогдох, жил бүр шинэчлэн мэдүүлэх, их хэмжээний өөрчлөлт байгаа бол гэсэн гурван шалтгаантай” гээд шалтгаан бүрээр нь тайлбарлав. Мөн тэрээр алба хаагчдын нийтлэг гаргадаг алдааг хөрөнгө орлогын мэдүүлгийн загвар бүрт нь тодотголтойгоор өгүүлж, үргэлжлүүлэн “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль”-ийн талаарх сургалтыг нэмж явууллаа.
Үүний дараа Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер, ахмад Ч.Цогбадрах нууц хадгалалт, хамгаалалтыг хэрхэн хангах талаар мэдээлэл, анхааруулга өгч, төгсгөлд нь Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр офицер, ахлагч нарт цэргийн алба зохион байгуулалт, сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйн асуудлыг чанд баримтлан ажиллах талаар тодорхой үүрэг өгсөн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















