Ой хээрийн түймэрт Вашингтон мужийн 700 гаруй барилга шатаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд наймдугаар сарын 1-ний өдөр дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас 700 гаруй барилга байгууламж шатаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд наймдугаар сарын 1-ний өдөр дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас 700 гаруй барилга байгууламж шатаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, түймэр Спокан хотын баруун хойд хэсэгт үд орчим дэгдэж, хүчтэй салхи, халуун хуурай цаг агаарын нөлөөгөөр богино хугацаанд хурдацтай тархжээ. Гал Спокан голыг даван орон сууцны бүсэд хүрч, их хэмжээний хохирол учруулжээ.
Түймэр намжиж эхэлснээр зарим иргэн гэр орондоо буцаж очсон ч олон айл байшин, эд хөрөнгө нь үнсэн товрог болсныг харжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон хүнд гэмтсэн тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Албаныхны мэдээлснээр түймэр одоогоор бүрэн хяналтад ороогүй бөгөөд түймэртэй тэмцэх ажиллагаанд 1000 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Мөн нэмэлт хүч, техник хэрэгслийг дайчилж, үлдсэн голомтуудыг унтраахаар ажиллаж байгаа аж.
Вашингтон мужийн Конгрессын гишүүд холбооны Засгийн газраас яаралтай гамшгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна хөрш Айдахо, Орегон, Юта мужуудад ч ой, хээрийн түймэр үргэлжилж, орон сууц, аж ахуй, мал сүрэгт ихээхэн хохирол учруулаад байгаа юм.


















