Ой нь манай гарагийн агаар, ус, хөрсийг хамгаалагч “ногоон уушги” юм
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхыг гишүүн орнууддаа уриалжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Олон улсын ойн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхыг гишүүн орнууддаа уриалсан байдаг.
Манай дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемүүдийн нэг юм.
Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог билээ.
Ой нь манай гарагийн агаар, ус, хөрсийг хамгаалагч “ногоон уушги” юм. Тиймээс өнөө болон ирээдүй хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг, түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна.


















