Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойгоос мод хулгайлж, өвөлжөө, шовгор барьжээ

Ш.Т нь өөрийн гэрийн ойролцоох ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн шинэс модоороо өвөлжөө болон шовгор барьсан болох нь тогтоогдсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойгоос мод хулгайлж, өвөлжөө, шовгор барьжээ
Ойгоос мод хулгайлж, өвөлжөө, шовгор барьжээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Бугат сумын хоёрдугаар багийн нутагт иргэн Ш.Т зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, “KIA Frontier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид дөрвөн сая 208 мянга 256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Мөн Ш.Т нь өөрийн гэрийн ойролцоох ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн шинэс модоороо өвөлжөө болон шовгор барьсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.

Дээрх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Ш.Т-г “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгож, ойн сан-байгаль экологид учирсан 4 208 256 төгрөгийн хохирлыг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж хэрэгсэл болох цахилгаан хөрөө, сүх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох шовгорын 27 ширхэг шинэс төрлийн мод, өвөлжөөний 234 ширхэг шургааг модыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Дашрамд дуулгахад, Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль экологид учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг.

Хуваалцах