Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам тогтворгүй болж магадгүй
Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслахаар шийдвэрлэсэн нь Ойрхи Дорнодын бүс нутаг цаашид улам тогтворгүйтнэ гэсэн болгоомжлол газар авахад хүргэлээ.
Мэдээллийн алба

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслахаар шийдвэрлэсэн нь Ойрхи Дорнодын бүс нутаг цаашид улам тогтворгүйтнэ гэсэн болгоомжлол газар авахад хүргэлээ. Саудын Араб исламын шашны шийт урсгалын номлогчийг цаазалснаар урьд өмнө байгаагүй том алдаа хийлээ гэж Ираны Засгийн газар мэдэгдээд, дипломат харилцаагаа тасласнаар энэ алдаагаа хаацайлж чадахгүй болохыг анхааруулсан байна.
Саудын Араб бодлогын алдаа гаргаж, болгоомжгүй үйлдлээрээ бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн анхны тохиолдол энэ биш гэж Иран үзэж байна. Хоёр орон ийнхүү дипломат харилцаагаа тасласнаар энэ сард эхлүүлэхээр төлөвлөсөн Сирийн энхийн яриа хэлэлцээнээс нааштай үр дүн гарахад сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид бас үзэж байна. Сирийн асуудлаар хоёр тал зөрүүтэй байр суурь баримталдаг.
Шийтийн шашинт Ираны тал Сирийн Ерөнхийлөгч Асадыг дэмждэг бол Саудын Араб сөрөг хүчний босогчдод дэмжлэг үзүүлж байгаа юм. Үүнээс гадна "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэл, Йемений хямралд тус хоёр улс хамтран ажиллах боломж хомс боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.


















