Охидын эрхийн анхдугаар форум болно
Охидын эрхийн анхдугаар форумд хот, хөдөөгийн нийт 150 охин оролцоно. Төв аймгийн Заамар, Эрдэнэ сум болон Налайх, Багануур дүүргүүдээс төлөөлөгч охид оролцохоос гадна үндэсний цөөнх охидын оролцоог ч хангаж байгаа юм.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" болгон тунхагласан. Тунхагийн хүрээнд ”ГҮНЖ” төв, "Хөөрхөн Зүрхнүүд"-ийн аян хамтран Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн. Уг ажлын хүрээнд “БИДНИЙГ СОНС!” охидын эрхийн анхдугаар форумыг маргааш 10-17 цагийн хооронд зохион байгуулна. Форумын гол зорилго нь охидын утга учиртай оролцоог хангах замаар охидын эрхийн асуудлаарх дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх явдал юм. Цаашлаад манай улсад охидын эрхийг зөрчиж буй асуудлуудыг ил болгох, тэдгээрт олон нийтийн анхаарлыг хандуулах, охидын манлайллыг хөгжүүлэх, идэвхитэй оролцоог нь нэмэгдүүлэх, охидод өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг бий болгож байгаагаараа онцлогтой юм. Охидын эрхийн анхдугаар форумд хот, хөдөөгийн нийт 150 охин оролцоно. Төв аймгийн Заамар, Эрдэнэ сум болон Налайх, Багануур дүүргүүдээс төлөөлөгч охид оролцохоос гадна үндэсний цөөнх охидын оролцоог ч хангаж байгаа юм. Мөн түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын зорилтот бүлгийн охид форумд оролцож, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлнэ. Түүнчлэн гэр бүл, сургууль, олон нийтийн газар дахь охидын эрхийн асуудал, тусгай хэрэгцээний охид /хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, хүүхэд төрүүлсэн, хөдөлмөр эрхэлдэг/ -ын эрхийн асуудлын хүрээнд тус бүр гурван илтгэл тавина.
Форумын дүнд “ОХИДЫН УРИАЛГА”-ыг оролцогчид өөрсдөө хэлэлцэж, боловсруулах бөгөөд “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “Эмэгтэйчүүдийн нүдээр, хүчээр” зэрэг үндэсний форум, чуулганд уг уриалгыг танилцуулна.
Форум “Ампер хаус” төвд болно.


















