ОХУ-аас улаанбуудай импортлохыг зогсоолоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр Ерөнхий сайдад хандаж “Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй улаан буудай импортлох шаардлагатай” байна гэлээ.
Харин Тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн хэлснээр 20000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байгаа аж. Тус холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72000 тонн улаанбуудай байхад нэмж импортоор оруулж ирэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэдгийг энэ үеэр дуулгасан юм.
Ерөнхий сайд дээрх холбоодын саналыг сонсоод борлуулагдаагүй байгаа улаан буудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болгосон юм. Мөн борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас импортлохыг зогсоох үүрэг өглөө.


















