ОХУ-д бага сургуулиуд хичээлээ танхимаар орж байна
ОХУ-д сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Гэвч тус улсын эрх баригчид бага сургуулиудын хичээлийг танхимаар оруулах шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

ОХУ-д сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Гэвч тус улсын эрх баригчид бага сургуулиудын хичээлийг танхимаар оруулах шийдвэрийг гаргажээ.
ОХУ-ын бага сургуулиуд даваа гарагаас эхэлж, хичээлээ танхимаар орж байна. Харин 6-аас 11-р ангиудын хичээлийг 11-р сарын 02-ныг хүртэл цахимаар орох төлөвтэй байна. Бага сургуулиуд танхимаар хичээллэж байгаатай холбоотойгоор багш, сурган хүмүүжүүлэгчдийг коронавирусээс хамгаалахад анхааран ажиллаж байгаагаа Москва хотын албаныхан хэлжээ.
Москва хотын 1502-р сургуулийн захирал Владимир Чудов хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хүндрэл бэрхшээл олон байгаа ч сургуулиуд хичээлээ хэвийн үргэлжлүүлэх ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр зарим хүүхэд хичээлдээ явж эхэлсэндээ тун баяртай байгааг онцлон хэлжээ. Мөн сурагчид ч гэсэн гэртээ компьютер, телевизийн дэлгэц ширтэн суухын оронд танхимаар хичээлээ заалгах тун сонирхолтой, хөгжилтэй байгаа талаар ярьсан байна.
Энэ хооронд ОХУ-д цар тахлын хоёр дахь давлагаа эхлээд байна. Даваа гарагт тус улсад 16 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгджээ. Орост “ковид-19”-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт 16 мянга орчим хүнээс "ковид-19"илэрч байсан удаа байхгүй. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 1.4 саяд хүрч, халдвар өндөртэй орнуудын жагсаалтын 4-т эрэмбэлэгдэж байна.


















