ОХУ Эдвард Сноуденд түр орогнох эрх өгчээ
Бүтэн сар гаруй хугацаанд “Шереметьево”-гийн олон улсын нисэх онгоцны буудлаас гарч чадахгүйд хүрээд байсан АНУ-ын тагнуулын албаны екс ажилтан Эдвард Сноуденд ОХУ-ын зүгээс газар нутагтаа нэвтрэх зөвшөөрөл олгожээ.
Мэдээллийн алба

Бүтэн сар гаруй хугацаанд “Шереметьево”-гийн олон улсын нисэх онгоцны буудлаас гарч чадахгүйд хүрээд байсан АНУ-ын тагнуулын албаны екс ажилтан Эдвард Сноуденд ОХУ-ын зүгээс газар нутагтаа нэвтрэх зөвшөөрөл олгожээ.
Тэрээр өчигдөр өдөр буюу Москвагийн цагаар 14 цагийн үед “Шереметьево”-гийн олон улсын нисэх онгоцны буудлыг орхин гарсан талаар түүний хуульч Анатолий Кучерена “BBC”-д мэдээлсэн байна.
Харамсалтай нь Эдвард Сноуденыг “Шереметьево”-гийн олон улсын нисэх онгоцны буудлыг орхин гарч ирэхийг хүлээсээр байсан хэвлэлийнхний урт цуваа түүнийг буудлаас гарах үед огт мэдээгүй өнгөрөөсөн байна. Ямартай ч тагнуулын нарийн чанад системтэй ОХУ дэлхий нийтийг АНУ-ын эсрэг түрхрэхүйц ноцтой мэдээллийг олонд ил болгосон Эдвард Сноудены аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгаа бололтой.
АНУ-ын зүгээс удаа дараалан Эдвард Сноуденыг эх оронд нь буцаан өгөхийг ОХУ-аас хүссээр байсан ч асуудалд ийн нухацтай хандаж буй нь цаанаа улс төрийн томоохон зорилго байж болзошгүй гэх таамаглал ч бий. Тиймээс ч Эдвард Сноудены Орост байх хугацаанд нь түүний байрлах газрыг мөн нууцлагдмал хэвээр байлгана хэмээн мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын энэхүү шийдвэрийн талаар АНУ-ын зүгээс ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй байна. Гэсэн хэдий ч Европын Холбооны улсууд болон бусад хэд хэдэн тусгаар улс АНУ-ын тагнуулын албаныханд дургүйцлээ илэрхийлж, Эдвард Сноудены эхлүүлсэн үйл хэргийг илтэд дэмжиж буй байр сууриа дэлгэсээр байгаа энэ цаг үетэй зэрэгцэн Сноуден ОХУ-д нэвтрэн орох эрхтэй болсон нь тус улсын хувьд улс төрийн ээлжит сандрал эхлэх нь тодорхой юм.


















