ОХУ, Серби, Беларусийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ
ОХУ, Серби, Беларусийн цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбоотойгоор сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр Белградад болсон юм.
Мэдээллийн алба

ОХУ, Серби, Беларусийн цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбоотойгоор сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр Белградад болсон юм.
“Славяны ахан дүүс-2016” цэргийн хамтарсан сургуулилтад Оросын талаас 150 шүхэрчин, нисэх хүчний 150 офицер, 3 тээвэрлэгч онгоц оролцож байгаа бол Серби, Беларусийн талаас тодорхой тооны армийн болон нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгааг Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Сургуулилт энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Серби нь Европын Холбооны 28 дахь улсаар албан ёсоор нэгдэн орох сонирхолтой байгаа боловч тус улс дахь Оросын нөлөө их хэвээр байгаа. Тухайлбал, Украины хямралаас үүдэлтэйгээр Европын орнууд Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Белград дэмжээгүй байдаг юм. Сербид болж байгаа энэ удаагийн гурван улсын цэргийн хамтарсан сургуулилт нь хөрш Монтенегрод НАТО-гийн хийж байгаа цэргийн сургуулилттай цаг хугацааны хувьд давхцаж байна.
Монтенегро нь Москвагийн дургүйцлийг үл харгалзан НАТО-гийн цэргийн сургуулилтыг өөрийн газар нутаг дээр хийхийг зөвшөөрсөн нь тус улсад Оросын хүч, нөлөө үйлчлэхгүй гэдгийг харуулж байна гэж зарим ажиглагч тэмдэглэж байна. Монтенегро, Серби хоёр нь хоёулаа Оросын хуучин цагийн холбоотнууд юм.


















