Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ террорист ажиллагаа ослын шалтгаан байхыг үгүйсгэсэнгүй

ОХУ-ын Когалым Авиа компанийн эзэмшлийн А321 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн сарын 31-нд Египетийн Синайн Хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ террорист ажиллагаа ослын шалтгаан байхыг үгүйсгэсэнгүй
ОХУ террорист ажиллагаа ослын шалтгаан байхыг үгүйсгэсэнгүй. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Когалым Авиа компанийн эзэмшлийн А321 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн сарын 31-нд Египетийн Синайн Хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн. Одоогоор олон улсын шинжээчдийн баг ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч онгоцыг хэт даврагчид тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн байж магадгүй гэсэн мэдээллийг Өрнөдийнхөн өгч байна. Харин ОХУ-ын зүгээс энэ мэдээлэлд няцаалт хийж байсан ч тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев Египетэд осолдсон онгоцны сүйрлийн шалтгааны нэг нь терроризмын шинжтэй үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Онгоц осолдсоны дараахан Исламын улс хэт даврагч бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлэглэл ОХУ-ын онгоцыг сүйрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа АНУ болон Их Британи алан хядагчид Оросын зорчигч тээврийн онгоцыг сүйрүүлсэн байх өндөр магадлалтай гэдэг таамгийг тагнуулынхны мэдээллээс иш татан өгч байлаа. ОХУ-ын зүгээс эдгээр мэдээлэлд яаравчилж хэн нэгнийг буруутгаж дүгнэлт өгөхгүй, шинжээчдийн албан ёсны дүнг харах нь зүйтэй гэдэг хариултыг өгчээ.

Харин өчигдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн төрийн мэдлийн сонинд өгсөн ярилцлагадаа "Зорчигч тээврийн онгоцны ослын боломжит шалтгаанд террорист үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй. Шинжээчид боломжит бүх шалтгаан, ялангуяа техникийн эвдрэлийг нягталж, судлаж байгаа" гэдгийг онцолжээ. Өчигдөр Их Британийн Засгийн газар Когалым Авиа компанийн онгоцны осолтой холбоотой тагнуулын зарим мэдээллээ ОХУ-д өгсөн тухай Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Гэхдээ Британийн явуулсан мэдээллийн агуулгыг Москва нууцалж байна. Оросын Засгийн газар хэрвээ энэ зорчигч тээврийн онгоцыг нь Сири дэх агаарын цэргийн ажиллагааны хариуд хэт даврагчид сүйрүүлсэн байвал олон нийтийн хандлага ямар байх вэ гэдгийг тандаж, таамгийг үгүйсгэхгүй байгаагаа зарлалаа гэсэн дүгнэлтийг зарим судлаач өгсөн байна.

Хуваалцах