ОХУ-ын жүжигчин Екатерина Кобба Цэдэнбал-Филатовагийн дүрийг бүтээнэ
Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт энэ сард эхэлнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа. Тус бүтээлийн кино зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон.
Түүнчлэн дээрх баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард Москва хотноо амжилттай явагджээ. Тодруулбал, их удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.
Дашрамд дуулгахад, Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт энэ сард эхэлнэ.





















