Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын Россотрудничество агентлагийн шинэ тэргүүн өөрийн багаа танилцууллаа

Россотрудничество агентлаг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Россотрудничество агентлагийн шинэ тэргүүн өөрийн багаа танилцууллаа
ОХУ-ын Россотрудничество агентлагийн шинэ тэргүүн өөрийн багаа танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар улстөрч, нэрт сэтгүүлч Евгений Александрович Примаков Россотрудничество агентлагийн тэргүүнээр томилогдсон. Энэ жил 44 настай Евгений Примаков Зөвлөлтийн Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд асан, дипломатч, эрдэмтэн Евгений Примаковын ач хүү юм.

Тэрбээр 1999 онд Оросын Төрийн их сургуулийн Түүх, философийн факультетыг түүхч мэргэжлээр төгссөн. Дараа нь "Эхо Москвы", "ТАСС" болон Оросын томоохон хэвлэл мэдээллийн газарт ажиллаж байсан нэрт сэтгүүлч юм. Түүнчлэн 2002 оноос телевизийн салбарт түрэн орж ирсэн ба ТВС, NTV, Первый канал, Россия 24 телевизэд ажилласан.

Харин 2011-2014 онд Турк, Иордан дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын удирдлагын газар ажиллаж, 2018 оны есдүгээр сард Саратов мужийн Балашовын нэг мандаттай тойрогт болсон нөхөн сонгуулиар Төрийн думд сонгогдож байжээ.

Тэгвэл Россотрудничество агентлагийн шинэ тэргүүн өнөөдөр өөрийн багаа танилцууллаа. Үүнээс хамгийн их анхаарал татаж байсан томилгоо болох Хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргаар 1987 онд ОХУ-ын Москва хотноо төрсөн, Москвагийн их сургуулийн түүхийн факультетыг төгссөн, телевиз, радиогийн нэрт хөтлөгч Надана Фридрихсон томилогдлоо.

Сэтгүүлч, улс төр судлаач Надана Фридрихсон 25 настайгаасаа Оросын медиа ертөнцөд цойлон гарч ирсэн бөгөөд РБК-ТВ, ШОО аналитик-шинжилгээний төвийн шинжээч, "Эспрессо" интернет сонины тоймч, "Кавполит" порталын шинжээч, шинжлэх ухаан, боловсролын "Ирээдүйн төлөөх яриа" хөтөлбөрийн модератор юм.

Ташрамд дуулгахад, Россотрудничество агентлаг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай бөгөөд Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан ажилладаг.

Хуваалцах