Олимпын виртуал цуврал тэмцээнд Монголоос оролцох боломжтой
Монголын үндэсний олимпын хорооноос иргэдийг Олимпын виртуал цуврал тэмцээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мэдээллийн алба

Олон улсын олимпын хороо спортын дижитал бодлогыг хэрэгжүүлэх, орчин үеийн цахим спортын өсөн нэмэгдэж буй хөгжлийн шаардлагыг хангах, өсвөр залуу үеийнхнийг өргөнөөр татан оролцуулах, олимпын уур амьсгалыг улам бүр өргөжүүлэн, цаашид өвөрмөцөөр шинэчлэн бүрдүүлэх зорилгоор "Токио-2020" олимпын наадмын өмнө "Олимпын виртуал цуврал" ( Olympic Virtual Series - OVS )-ыг Олон улсын спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Олимпын хууль ёсны лиценз зөвшөөрөл бүхий энэ цоо шинэ цуврал ирэх тавдугаар сарын 13-нд эхэлж, зургаадугаар сарын 23-нд өндөрлөх бөгөөд Олон улсын дугуй, урт сэлүүрт завь, автомашин, бейсбол-софтбол, дарвуулт завины холбоод эхний ээлжид хамтрах юм байна. Энэ цувралд дэлхийн цахим спорт, электрон тоглоомоор сонирхон хичээллэгчид өргөнөөр оролцож, олимпын талбарт өрсөлдөн, ОУОХ-ны “2020+5" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу биет ба биет бус хэлбэрээр тоглох болно.
Ташрамд дуулгахад, Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч Давид Лапартьен ОУОХ-ны Цахим спорт, тоглоомын ажлын хэсгийн зохицуулагчаар томилогдон, виртуал спортын ертөнц ба олимпын хөдөлгөөний хамтын ажиллагааг нягт ханган ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Олон улсын хөлбөмбөг, ширээний теннис, таэквондо, сагсан бөмбөгийн холбоод уг цувралын дараагийн шатанд нэгдэх тухай мэдэгдэл хийсэн.
Түүнчлэн Монголын үндэсний олимпын хорооноос иргэдийг Олимпын виртуал цуврал тэмцээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.


















