Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын хандивлагчид Пакистанд 9 тэрбум гаруй ам.доллар олгохоо амлав

Өнгөрсөн онд Пакистаныг нөмөрсөн их үерийн гамшгаас улс орноо сэргээн босгоход нь зориулж олон улсын хандивлагчид тус улсад 9 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр амлажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Олон улсын хандивлагчид Пакистанд 9 тэрбум гаруй ам.доллар олгохоо амлав
Олон улсын хандивлагчид Пакистанд 9 тэрбум гаруй ам.доллар олгохоо амлав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд Пакистаныг нөмөрсөн их үерийн гамшгаас улс орноо сэргээн босгоход нь зориулж олон улсын хандивлагчид тус улсад 9 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр амлажээ. Даваа гарагт Женевт болсон олон улсын бага хурлын дараа Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф энэ тухай мэдэгдсэн байна.

Тодруулбал, Женев хотноо энэ арга хэмжээг НҮБ-тай хамтран зохион байгуулсан Пакистан улс үерийн гамшгийн дараах сэргээн босголтод шаардлагатай байгаа 16,3 тэрбум долларын тал орчим хувийг бүрдүүлэхийн тулд олон улсын дэмжлэгийг эрэлхийлж байгаа юм. 40 шахам улс орон, хувь хандивлагчид болон олон улсын санхүүгийн байгууллагууд оролцсон нэг өдрийн энэ бага хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф нар нээжээ.

Дэлхийн дулаарлын улмаас мөсөн голууд хайлж, борооны улирал ердийнхөөс хэт удаан үргэлжилснээс өнгөрсөн онд 33 сая пакистанчууд үерийн гамшигт нэрвэгдэж, 1700 гаруй хүний амь эрсдэн, 9 сая шахам хүн ядууралд автсан гэсэн НҮБ-ын мэдээ байна. Үерийн гамшигт хамгийн их өртсөн, үерийн ус өнөөдөр ч бүрэн татраагүй байгаа Синд, Белужистан мужуудад хүмүүс олон мянгаараа ил задгай, майхан, түр оромжид толгой хоргодож байна. “Уур амьсгалын хямрал болон ёс суртахууны дампууралд орсон дэлхийн санхүүгийн системээс болж Пакистан улс давхар хохирч байна.

Пакистанд тохиолдсон шиг зүйлийг өөр нэг ч улс амсах ёсгүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш мэдэгджээ. Өнгөрсөн сард Гадаад валютын нөөц нь 6 тэрбум гаруйхан доллар буюу нэг сарын импортын зардлаа хааж хүрэхээргүй хэмжээнд хүртэл буурч, эдийн засгийн хүнд хямралд өртсөн Пакистан улсад үерийн гамшиг давхар нэрмээс болжээ. Тогтворгүй эдийн засгаа дэмжиж, дефолтоос сэргийлэхийн тулд тус улс ОУВС болон Саудын Араб, Хятад зэрэг нөхөрсөг харилцаатай улсуудаас санхүүгийн яаралтай тусламж бас эрэлхийлж байгаа юм байна.

Хуваалцах