Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын наадмаас монгол адуучны тухай баримтат кино “Гран-при” шагнал хүртлээ

Франц улсын уран бүтээлч, найруулагч Хамид Сардарын бүтээсэн монгол адуучны талаар өгүүлэх баримтат кино үзэгчдийн төдийгүй шүүмжлэгчдийн талаас өндөр үнэлгээ авч “Гран-При” шагнал хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын наадмаас монгол адуучны тухай баримтат кино “Гран-при” шагнал хүртлээ
Олон улсын наадмаас монгол адуучны тухай баримтат кино “Гран-при” шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Канадын Ванкувер хотноо “Ванкувер интернэйшнл маунтэйн” нэртэй 24 дэх удаагийн олон улсын кино наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Франц улсын уран бүтээлч, найруулагч Хамид Сардарын бүтээсэн монгол адуучны талаар өгүүлэх баримтат кино үзэгчдийн төдийгүй шүүмжлэгчдийн талаас өндөр үнэлгээ авч “Гран-При” шагнал хүртлээ.

Тус баримтат кино Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт орших Дархадын хөндийд оршин суудаг нүүдэлчин аж ахуй, амьдралтай иргэд тэр дундаа адуучин залуугийн амьдралын талаар өгүүлдэг. Тэр дундаа нутгийн уугуул иргэдийн адуу малыг хулгайлах гэмт хэргийн талаар болон адуучин залуус хэрхэн алдуул адуун сүргийнхээ араас явж буйг харуулдаг. Тус баримтат киноны товч агуулгад дурдсанаар бол малын хулгайчид нүүдэлчдийн адуун сүргийг хулгайлсныхаа дараагаар Оросын хилээр давуулан мал нядалгааны газарт үнэд хүргэн зарж наймаалдаг. Харин адуугаа алдсан адуучин буюу эмнэг сургагч малын хулгайчдын мөрөөр Монголын тайгаас Оросын Сибирь хүртэл цаг агаарын хүнд хэцүү бэрхшээлийг үл ажран мөшгөдөг аж. Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар 75 минутын турш үргэлжилдэг тус баримтат киног бүтээхийн тулд эмнэг сургагч Шүхэрт нэртэй монгол залуугийн араас даган эрэлд гарч олон тооны баримт цуглуулжээ. Ийн тус кинонд адуугаа алдсан эмнэг сургагч хулгайчдын араас орчин үеийн нөхцөлд хэрхэн мөрдлөг хийж байгаа мөн алтны эрэлд явж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэж байгаа талаар ч давхар өгүүлдэг.

Ташрамд дуулгахад,. “Ванкувер интернэйшнл маунтэйн филм фестивал” энэ сарын 19-нд цахим хэлбэрээр нээлтээ хийсэн бөгөөд үзэхийг хүсвэл наадмын албан ёсны цахим хуудсаар зочлон есөн ам.доллараар цахим тасалбар худалдан авах юм байна.

Канадын Ванкувер хотноо зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ сарын 28-ныг дуустал цахим платформ дээр үргэлжлэн зохион байгуулагдана.

Хуваалцах