Олон Улсын сансрын станц руу хувийн эзэмшлийн сансрын хөлөг хөөргөнө
Олон улсын сансрын станц руу хувийн эзэмшлийн сансрын хөлөг хөөрөх гэж байна. АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА-гийн хуучин сансрын нисгэгчид Боинг корпорацийн
Мэдээллийн алба

Олон улсын сансрын станц руу хувийн эзэмшлийн сансрын хөлөг хөөрөх гэж байна. АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА-гийн хуучин сансрын нисгэгчид Боинг корпорацийн “СиЭсТи-100 Старлайнер” сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцыг зорихоор бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.
Энэ бэлтгэлийн хүрээнд Эрик Боу, Сунита Уильямс нар олон улсын сансрын станцад залгагдах үйл явцыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар урьдчилан туршиж байна. АНУ 2011 онд Атлантис хөлөг ашиглалтаас гарснаас хойш өөрийн харьяа сансрын хөлгөөр сансарт хүн илгээгээгүй юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын сансрын нисгэгчдийг ОХУ-ын хөлөг төлбөртэйгөөр олон улсын сансрын станцад хүргэж байгаа. Харин НАСА энэ байдлыг өөрчлөх гэхээсээ илүүтэй дэлхийн тойрог замын доод хэсэг, мөн Ангараг болон бусад гараг руу сансрын нисгэгчдээ илгээхэд илүү ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарцуулахаар төлөвлөж байна.
Иймээс НАСА олон улсын сансрын станц руу хүн тээвэрлэх ажлыг Боинг, Спейс-Икс зэрэг хувийн корпорациудтай гэрээ байгуулан, гүйцэтгүүлэхээр болжээ. Боинг корпорацийн эзэмшлийн сансрын хөлөг 2017 оны сүүлээр олон улсын сансрын станц руу туршилтын нислэг үйлдэх юм байна. Цаашид НАСА-гийн сансрын нисгэгчдийг тээвэрлэж байх тус хөлөгт АНУ нэг удаад 58 сая доллар төлнө. Энэ нь тус улсын ОХУ-д төлдөг үнээс 18 сая доллараар хямд байгаа юм.


















