Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон улсын сансрын станцад ажиллахаар шинэ баг очжээ

Олон улсын сансрын станцад ажиллах шинэ баг Казахстанаас "Союз" хөлгөөр хөөрч, 6 цагийн дараа олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын сансрын станцад ажиллахаар шинэ баг очжээ
Олон улсын сансрын станцад ажиллахаар шинэ баг очжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын сансрын станцад ажиллах шинэ баг Казахстанаас "Союз" хөлгөөр хөөрч, 6 цагийн дараа олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ. Хөлөгт ОХУ-ын сансрын нисэгч Юрий Маленченко, АНУ-ын сансрын нисэгч Тим Копра, Их Британийн сансрын нисэгч Тим Пик нар явсан байна. Сансарт ниссэн анхны хүн гэж түүхэнд нэрээ мөнхөлсөн Юрий Гагарины хөлөг хөөрсөн тэр газраас энэ удаагийн багийн хөлөг хөөрчээ.

Хөлөг хөөрөх явцад ямар нэг асуудал гараагүй ч, олон улсын сансрын станцтай залгагдах үед автомат системд эвдрэл гарснаас ажиллагааг гар аргаар гүйцэтгэхээс өөр аргагүй болсон байна. Гэхдээ хөлгийн багийн ахлагч Оросын сансрын нисэгч Юрий Маленченко хөлгийг залж, 10-аад минутын дараа олон улсын сансрын станцад амжилттай холбогджээ. Хөлгийн багийнхан олон улсын сансрын станцад байгаа одоогийн бүрэлдэхүүн болох НАСА-гийн сансрын нисэгч Скот Келли, Оросын сансрын нисэгч Михайль Корниенко, Сергей Волков нар дээр нэмэгдэн, шинжлэх ухаан, судалгааны ажил гүйцэтгэх юм. Олон улсын сансрын станц нь хоёр ширхэг Боинг 747 онгоц нийлүүлсэнтэй тэнцэх эзлэхүүнтэй, нийт 12 өрөөтэй байгууламж. Энэ станцад дээд тал нь 10 сансрын нисэгч байрлах боломжтой юм байна.

Хуваалцах