"Олон улсын терроризм ба аюулгүй байдал" сэдэвт хурал боллоо
"Олон улсын терроризм ба аюулгүй байдал" сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Мэдээллийн алба

"Олон улсын терроризм ба аюулгүй байдал" сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Хуралд оролцогчид дэлхий дахины анхаарлын төвд байгаа халдлагууд болоод түүнээс хамгаалах аюулгүй байдлын талаар ярилцав.
Хурлыг Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, Терроризмын эсрэг монголын холбоо, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар нарын эрдэмтэн судлаачид оролцсон юм. Үндсэн илтгэлийг БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж "Олон улсын терроризм ба үндэсний аюулгүй байдал" сэдвээр тавьсан юм.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд "Хүчирхийлэл, хүчирхийллийги төрүүлдэг" хэмээн онцлоод "Олон улсын терроризм түүнээс ангид орших, аюулгүй байдлаа баталгаатай хангах нь бараг бүх улс орны өмнө тулгарч буй хойшлуулшгүй асуудлын нэг болоод байна. Монгол Улс олон улсын терроризмын аюул нүүрлээгүй дэлхийн цөөн улсын нэг мөн хэдий ч, түүнээс сэргийлэх, болгоомжлох, терроризмын хувьд аюулгүй байдлаа хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж, дэлхийн болон бүс нутгийн энэ чиглэл дэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн төлөө байна. Өнөөдөр терроризмын гэнэтийн аюул, эрсдэлээс дархлагдан хамгаалагдсан улс орон бараг байхгүй байна. Монгол Улсын аюулгүй байдал нь хүчирхэг хоёр хөршөөр хүрээлэгдсэн төдийгөөр хангагдахгүй" хэмээн онцолсон юм. Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Исламын Улс бүлэглэлийн үйл ажиллагаа, олон улсын аюулгүй байдалд үзүүлж буй сөрөг нөлөө, хандлагын талаар БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбаяр итгэлээрээ дурдлаа.


















