"Олонлог" сургуулийн хүүхдүүд юунаас хордсон тухай шинжилгээний хариу гараагүй байна
"Олонлог" дунд сургуулийн 80 гаруй хүүхдээс хордлогын шинж тэмдэг илэрч, зарим нь эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлэл гараад байгаа. Энэ тухай бид холбогдох байгууллага болон сургуулиас нь тодрууллаа.
Мэдээллийн алба

"Олонлог" дунд сургуулийн 80 гаруй хүүхдээс хордлогын шинж тэмдэг илэрч, зарим нь эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлэл гараад байгаа. Энэ тухай бид холбогдох байгууллага болон сургуулиас нь тодрууллаа.
Өнгөрсөн мягмар гарагт тус сургуулийн олон хүүхдээс хордлого байж болзошгүй шинж тэмдэг илэрч, мэргэжлийн байгууллагад хандсан байна. Яг хэдэн хүүхэд, ямар байдлаар эмнэлэгт хандсан тухай тодорхой мэдээлэл авахаар бид сургуулийн эмчид хандсан юм.
Хоолны хордлого уу, халдварт өвчин үү гэдгийг одоогоор тодорхойлох боломжгүй. Мэргэжлийн байгууллагын хариу гартал хүлээнэ гэсэн тайлбарыг "Олонлог" сургуулиас өглөө. Энэ тухай Мэргэжлийн хяналтынхан ч мөн тодорхой хариулт өгсөнгүй.
Дунд сургуулийн сурагчид олноороо нэг өдөр өвдөх тохиолдол хичээл эхэлснээс хойш хэд хэдэн удаа гараад байна. Шалтгаан нь дандаа хоолны хордлого байсан. Одоогийн байдлаар "Олонлог" сургуулийн дөрвөн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн. Дуудлага өгсөн энэ сарын 13-ны өдрөөс хойш хүүхэд өвдсөн тохиолдол нэмж гараагүй байна.


















