Олзны хорвоо оюуны чансаа
-Хүүхдүүдийн урам зориг ч жигтэйхэн сэргэсэн, шинэ албаныхан маань одоо ер нь Вензээс дутахааргүй чанарын үзүүлэлттэй эд ангиуд гаргах уриатай бужигнаж байгаа гээд л бод доо, чанар голлоно гэсэн үг гэснээр тэр их дуулиантай чихэнд чимэгтэй сонин дуулгасан яриа өндөрлөв.
Мэдээллийн алба

Ажил булаадаг автомат. Нэг мод таривал нэг насны буян, хоёрыг таривал хоёр насны буян гээд ярьдаг л юм билээ. Би модгүй газрын хүн, тэгээд ч нас дээр гарсан над буяны хэрэг байлгүй яахав. Хотод компанитай нутгийн нэг хүү нутагтаа мод тарина гэж бүр хэдэн жилийн өмнөөс ярьдаг байснаа Ерөнхийлөгчийн уриа ч ташуур болсон биз, өнгөрсөн хавар мэргэжлийн хүмүүс дагуулаад унаа хөсөгтэй нутгаа зорилоо гэж дуулдав. Тэр удаад холбоо барьж чадсангүй. Тэгээд ч эхэлж газраа сонгож бэлтгэл хангаад модоо намар суулгах сураг сонсч тайвшрав.
Сая харин хүсэл биелж би нутагтаа мод тариад, тарих ч гэж дээ оролцоод ирлээ гэвэл нэрд цэвэр юмуу даа. Зурагтаар харж байхад том дарга нар мод тарьж байгаа газар очоод ганц нэг хүрз шороо хаяж байдгийн л жишиг юм болсон. Хүргэн бид хоёр уул нь ажлын хувцас, бэлтгэлтэй очсон байхгүй юу.
Олзбаатар захирал намайг юманд гар хүргүүлсэнгүй. Хотоос очсон залуус мотор асааж хүчирхэг пүршин өрмөөр хэдхэн сүг сүг хийлгээд угсраа олон нүх бэлэн болгоход бусад нь нүхнүүдийг хүрзээр уужисгаж үеийн дэрсхэн залуус инээлдэж хөгжилдөөд нүхний ажил дороо бэлэн болох янзтай. Миний нэмэрлэсэн юм хүүхдүүдийн цуглуулж өгсөн хагас сая төгрөг л шилжүүлсэн, эрхбиш хэдэн мод болоо л байлгүй. Энд ахмад нь манай бэр ахмад багш Дарьсүрэн бид хоёр байж. Бид хоёрыг урьж эхний мод руу шороо хийлгэж залуус утсаараа баахан зураг дарсны дараа надаар үг хэлүүлж миний тэнд очсон хэрэг сайн л бол арван минут үргэлжилсэн байх. Тэр хэдэн хормын төлөө хүргэний ажлыг нь алдуулж унаа машин хөлөглөж нутгаа зорихын хэрэг байж уу гэх хөнгөн гуниг төрөх ч нутгийнхаа ногоон хувьсгалын бамбарыг асаалцсан хувьтайдаа бахархахаас өөр яахсан билээ. Бас болоогүй ээ, Олзбаатар захирал биднийг мордохын өмнө та манайхаар ороод гарахгүй юү гэдэг юм байна. Ажилчдын байрлах гэр лүү зүглэтэл наашаа гээд дүнхгэр том машины хаалга нээж өгөв. Ор дэр, ханын сав суулга, гал тогоо, тэр ч байтугай ариун цэврийн байгууламжтай явуулын тохилог сууцны босго алхсанаа мэдрэв. Гэрийн эзэгтэй Дэлгэрмаа бүсгүй ч идээ ундаа болон угтаж гал тогооны гэрээс хоол зөөлгөж биднийг дайлах зуур хээр газар мод тарих ажлыг Монголдоо анх автоматжуулж байгаа “Синус Дочи” компаний зоримог туршилтыг лавшруулж тодотгож авах боломж нээгдэх нь тэр.
Олзоо инженер анх нутагтаа мод тариад сайхан ногоон төгөл дунд алхаж яваагаар зүүдэлсэн цагаас энэ их ажлын санаа төрснөө хуучилж байна. Аав ээж нь цуварч мөнх бусыг үзсний дараа эцэг өвгөд ихэс дээдсийн нутгаа ногоон баян бүрд болгох зориг санаанд шуударсан гэнэ. Өнгөрсөн хавар хааш хаашаа жаран метр талбайг хашиж бэлдэн захаар нь шар хуайс эгнүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Хашаанаас зүүн тийш 200-гаад метрийн зайд худаг гаргасан, холоос манааны шовгор гэмээр цэнхэр өнгийн өндөр гозгор юм харагдсан нь тэр байж. Дотор нь жижиг мотор, бас худгаас ус татаж гадагш дамжуулах автомат байрладаг гэнэ. Хашаан дотор тод ногоон өнгийн контейнер дээр хэдэн том дөрвөлжин хуванцар цагаан сав эгнүүлсэн нь худгаас ус хураах сан юм санж. Санд ус дүүрмэгц автомат зогсоно. Өглөө 4-5 цаг, оройн 7-8 цагийн үед моднууд автоматаар услагдана. Ус дундрах хэмжээгээр автомат усаа шахсаар л байдаг. Худгийн гаднах жижиг танкерт бас ус дүүргэж түүгээр малаа усалдаг. Өвлийн горимд шилжихэд автомат усалгаа зогсч худаг малын унданд зориулагдах товчдоо ийм зохион байгуулалттайг бидэнд тайлбарлав. Эхлээд тал хээр газар ургадаг амь бөхтэй мод суулгаж туршихаар завдаж байтал мод үрслүүлгийн аж ахуйд ажилладаг нэг анд нь ирж хөрс шинжлээд сумын зүүн дорхи Хонин цагааны энгэр энэ газар ойр зуурын ямар ч төрлийн мод суулгаж болно гэсэн шийд хэлсэн нь эдний хамт олныг зоригжуулсан гэнэ. Улиас, хайлаас, за мэдээж шар хуайс, монос, чацаргана, хус мод ч ургуулж туршина, энэ удаа бид 250 мод суулгалаа гэж бидний араас Олзоо инженер дуулгасан. Энэ нь зэхсэн талбайг модоор бараг дүүргэж жаахан л зай үлдснийг их ажлын ард хариуцаж үлдсэн Шижирбаяр дүү утсаар мэдээлэв. Яг одоо бол цэнэг усалгаа хийж дуусаад өвлийн горимдоо шилжиж байгаа гэж тэр хэлсэн.
Товчоор хэлбэл энэ систем Монголд байхгүй, хүний гар хүрэхгүй, худаг асаах, ус шахах элдэв ажилд санаа зовохгүй, бүх ажиллагаа автоматаар явна гээд бодохуй дор хөдөө нутагт ногоон хувьсгалтай зэрэгцэж техникийн хувьсгал хэрэгжиж байна гэж хэлэхэд дэвэргэсэн болохгүй болов уу гэх баттай итгэл төрөв. Автоматаар мод ургуулах төсөл нь одоогоор бас л санаанд нь хүрээгүйг ч инженер нуусангүй. Утасны сүлжээтэй бол түүгээр удирдаж автомат удирдлага хангагдах учиртай атал одоогоор сүлжээгүйн улмаас нарны панел ашиглаж байгаа гэнэ. Харин энд Юнитель сүлжээ барьдаг учраас контейнер дээрээ антен зоох бодолтой байгаа гэв. Бидний зорилго бол зөвхөн энэ жаахан талбайд мод тариад зогсох биш жил жилд талбайгаа тэлээд явахаар Шар худгийн голын энэ хөндий тэр аяараа моджино гэсэн үг. Бас нилээн доошоогоо модны чөлөөнд хиймэл нуур байгуулна. Манай нутгаар усны шувуу дайрч өнгөрөхдөө замын шалбаагт шавааралдаж харагддаг, түүнийг болиулая. Ус нь цэвэр байх ёстойн улмаас тэнд бас автомат ажиллуулах хэрэгтэй болно гээд дуу цөөнтэй инженер маань яриандаа ам халж байгаа нь илт. Компаний маань залуус наашаа ирэх дуртай байгаа шүү, дүү нар ч эднийгээ зав чөлөөгөөр нь сумынхаа нутгийн байгалын үзэмж түүх дурсгалын газраар бага сага аялуулаад амжсан бололтой юм. Манай залуус энэ удаа хэний ч хэлээгүй байхад өөрсдөөсөө мөнгө төгрөг гаргаж энд тарих суулгац нилээнийг авчирсан харагдсан, нийтдээ манайх үрсэлгээнд дөрвөн сая гаруй төгрөг зараад байна гэж ярив. Суулгацаа Багануурын үрсэлгээнээс авдаг. Тэднийх манай сум руу арай зам татуу, бас хотынхоос суулгац нь бага зэрэг хямд байдгаас бид замаасаа ачаагаа аваад ирж байгаа юм гэж хэн нэгэн нэмж өгүүлэв.
Залуус үнэхээр сэтгэл гаргаж сайхан ажиллаж их юм бүтээсэнд ард үлдсэн дүү нар их баяртай байгаа бололтой, бүгдэд нь нэг нэг хонь төхөөрч өгөөд явуулсан сурагтай. Дүү нар ч ингэж хэдэн малаа харахын зэрэгцээ давхар ажил төрөлтэй болж байгаа давуу тал харагдана. Тэгэхдээ энэ бол том хариуцлага гэдгийг Олзоо захирал бидний нүдэн дээр дүү нартаа нухацтай анхааруулж, мэргэжлийн хүмүүс энд ямар юмыг яаж орхисон яг л тэр байдлаар нь огт гар хүрэлгүй хадгалж бас хааяа ч гэсэн арчиж цэвэрлэж гэрийнхээ эд хогшил шиг аргилж байх учиртайг сануулж хэлэхэд дүү нар нь хүлээцтэй сонсч хүлээж авч байгаа нь их ажлын хувь заяа хөсөрдөхгүйн баталгаа болж үлдэх шиг санагдав. Залуусыг ирэх хавар эргээд ирэхэд дүү нар дүнгээ тавиулах нь тодорхой болж байна. Биднийг байх зуур хүүхдүүд зураг их дарсан. Цаашид ч их ажлынхаа алхам бүрийг зураг хөргөөр архивлаж үлдээх бодолтой гэнэ. Хожмын үр хойч энэ их ажлын түүхийг мэдэхгүйн улмаас анхны л байгалиас заяасан маягийн ойлголт авахаас болгоомжилж хойт үеийнхэнд түүх үлдээхийн чухал, төрөлх нутгийнхаа байгалийг харж хамгаалах арчилж тордохын эрхмийг ойлгуулж мэдрүүлэх үүднээс нэгэн ёсны амьд лаборатори болгож үлдээх бодолтой гэж захирлын хэлснийг дурьдахад бас илүүдэхгүй. Тэгээд мод тарьж байгаа маань хүмүүнлэг талаасаа өөрсдийн эцэг эх, өвөг дээдэстээ зориулсан өргөлийн суварга босгож байгаа гэж ойлгож болно, одоо бид суурийг нь тавьчихлаа гэж хэлээд захирал баясангуй инээмсэглэж зогсов. Бид ч явахаар завдаж үүд рүү дөхтөл жижигхэн түгшүүр угтах нь тэр. Мод тарьж байгаа талбайд оготны нүх энд тэндгүй, мэрэгчид бас л биднээс дутуугүй баяр хөөртэй бужигналдаж харагдсан. Гэтэл мань нөхөд хэдийн ажилдаа орж гадаа ил орхисон суулгацны заримаас мэрж холтолж бүр нарийн мөчрүүдийг зулгааж аваад тал тал тийш зууж одож байна гэнэ. Яахав захирлаа энэ дайснуудыг гэсэн чинь Олзоо биднийг дагуулж талбай руу дөхөж очсоноо энд тэнд хос хосоор нь хавсарч босгосон жижиг шилэн хавтангуудыг зааж эд л уг нь хөрсөнд жижиг чичиргээ өгч энэ дайснуудыг дайжуулах учиртай юм даа, үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхамд шилжинэ дээ гээд ажрах янзгүй өгүүлж билээ. Үнэхээр ч алгын чинээ тэр жижигхэн автоматууд эзнийхээ хүлээлтийг хөсөрдүүлсэнгүйд урамтай байгаагаа дүү нар сая араас дуулгаж мод тариад хагас сар болж байхад талбайд тэгэж бужигналдаад байх оготно харьцангуй цөөрсөн гэж мэдээлэв. Барагтайд дийлддэггүй сүрэглэсэн дайсныг ингэж буулгаж авна гэхэд итгэл муутай байсан хуучинсаг үзэлтэн өвгөн би олзуурхан сэтгэл баясахын зэрэгцээ нутагт маань ингэж автоматууд ажил орлох эрин эхэлснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэв.
Арлын орон ч алгаа тосно. Түүх бүтээж байгаа хүний хувийн амьдралыг сөхөх бас сонирхол татдаг учраас бид яриагаа энэ зүг түр хандуулж амжсанаа дуулгая. Олзоо хүү сумандаа бага анги, хотод ирж аравдугаар анги төгсч барилгын ТМС-д орсон юм байна. Энэ бол байдаг л асуудал. ТМС-ээ онц төгссөн гэнэ. Тохой зэрэгцэн суусан нөхдөөсөө хол тасарсан намтар харин эндээс сөхөгдөх бололтой. Төгсөгчийн бүтээлээрээ бусдаас тасархай харагдаж л дээ. Бүтээл нь юу байсан гээ, сургууль дээр хичээл эхлэх, завсарлах хонх цохидог доо, хүн л юм болсон хойно жижүүрүүд заримдаа тав арван минутаар урьд хойно хонх дарах алийг тэр гэхэв. Тэгвэл автоматаар яг л цагт нь хонх цохих зохицуулалтыг оюутан Олзбаатар бүтээлээрээ сэдсэн хэрэг. Үүнтэй эн зэрэгцэм бүтээл барилгын ТМС-ийн төгсөлтийн түүхэнд урьд өмнө тохиож байсангүй. Хурал тарсан дараа оюутан Олзбаатарыг захирал өрөөндөө дуудаж. Захирал нь нилээн настайвтар хүн байсан юм байх. Тэр хүн оюутнаа хажуудаа урьж суулгаад баяр хүргэж их л баяр хөөртэй хэдэн үг сольсноо “За хүү минь чи дээшээ сургуульд сурах уу, эсвэл аль нэг бүтээж туурвих сонирхсон газраа очиж ажиллах уу? Юу ч л гэсэн чи ингээд барилга дээр гаргачих хүн биш байна, саналаа хэл” гэсэн гэнэ. Тэр удаа жаал хүү юү ч хэлж чадаагүй ч сайхан сэтгэлт захирлынхаа хөөцөлдлөгөөр Холбооны Яамны үйлдвэрлэл шинжилгээний институтын зохион бүтээх товчооны ажилтан болжээ. Овоо төгссөн ирээдүйтэй хүүхдээ өөр тийш өгөхгүй, эндээ авч үлдэнэ гэж Барилгын яамныхан бас үг хэл хийсэн ч миний аз таарч тэр товчооны босго алхсандаа гэж Олзоо инженер хуучлана.
Их мундаг инженерүүдийн гар дээр очиж нухлуулсан маань миний амьдралд эргэлт авчирсан гэж тэрээр өгүүлэх аж. Тусгай мэргэжлээр дөнгөж төгссөн шинэ пацаан ороод ирэхэд инженерүүд анх гайхалгүй яахав дээ. Чи юу хийж чаддаг вэ гэхэд нь айлуудын зурагт, хөргөгч, магнетофон гээд ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ноцолдох дуртайгаа хэлж тэдэнд эрхбиш жаахан итгэл төрүүлсэн юм байх. Тэгээд л тэднийг дагалдаж мод төмөр будаг шунх юу байдаг тэр бүхэнтэй хутгалдаж бүр гальваник туршилтаар метал бүрж эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн өсгөгч, анхны хөдөлгөөнт холбоог Төв аймгийн гурван суманд туршсан. Олон нийтийн газар дуугаргах хөгжмийн өсгөгч, телефон аппарат, хөдөө орон нутагт хэрэглэгдэх техникийн олон шийдлүүдийг хэрэгжүүлсэн. Сонирхолтой ч гэж жигтэйхэн, нойр хоолоо хугаслах бол юу ч биш болсон доо. Инженерүүд ч үнэлж эхлэв. Будгаа хийнэ, төмрөө ч хийнэ, нимгэн төмөр, мод, токарь, презер, никельдэх гальваник өнгөлгөө гээд оролцохгүй юмгүй. Монголд анх никельдсэн нь тэр байх. Дараа нь полистрол, полиэтилен материалуудаар хэвэнд цутгаж эхэлсэн. ТМС төгссөн залуус 350-400 төгрөгийн цалин авч байхад би инженерийн цалин 750 төгрөг авч пээдийж байлаа шүү дээ. Хоёр жилийн дараа МОНЕЛ үүсч манайхан тэр рүү хошуурсан. Би ч бас тэнд нэг жил ажиллаад авсан шүү. Саяхан мобийнхонтай уулзахдаа би танай ууган ажилтан гэсэнд тэд гайхаж л байна лээ. Анх 27 настайдаа тэнд орсон, түүнээс хойш өнөөдөр гэхэд тэднийтэй 27 жил хамтарч ажиллаад явж байна, сонин байгаа биз.
-ШУТИС-т хэдийд нь орж амжсан билээ?
-Болоогүй ээ. Тэр үед одоогийнхоор бол миний хобби цахилгаан техниктэй ноцолдох байж. Айлуудын өнгөтэй өнгөгүй зурагт, хөргөгч, магнетофон, приставк юу тааралдсанаа нухаад суудаг байлаа. Нэг улайрвал хоол ундаа ч мартах энүүхэнд. Тэгээд 1993 онд радио электроник болон гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийн засвар үйлчилгээ эрхэлдэг “Цахилал” хувиараа эрхлэх аж ахуйг үүсгэн байгуулж ажилласан. Тэгсний дараа ШУТИС-т орж байгаа юм. Тэндхийн Эрчим хүчний инженерийн их сургуулийг хөргөлт дулааны инженер мэргэжлийн баклавр зэрэгтэй төгссөн. Дурласан ажил мэргэжлээрээ тархиа сэлбээд улам ч сонирхол төрж юм юм л толгойд багтаад ирэх шиг болж билээ. Ингээд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлага дээрээ суурилан аж ахуйнхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлж 1998 онд одоогийн энэ “Синус-Дочи” ХХК-ийг үүсгэн байгуулсан даа. Манайх хөргөлт, халаалт, агааржуулалтын системийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, одоо бол салбарынхаа хошуу өлгөх компаниудын нэг болоод явж байна.
-Мобийнхонтой зууралдаад байдгийн учир?
-Анхныхаа кондейшинг тэнд тавьсан л даа. Одоо Мобайлын таван компани манайтай байнгын гэрээтэй. Үүрэн холбоо, бүх банкууд, за тэгээд дата төвүүд нэгэн адил. Том оврын байгууламжийн хөргөлтийн 60 хувь нь мобайлын систем. Өндөр үнэтэй материалуудыг өөрсдөө хийж шинэ цех нээж байгаа. Моторын эд анги нийлүүлэнэ. Солонгосоос манай руу анх орж ирж байсан Эскель шиг биш арай дөнгүүр юм хийчих санаатай, хийж ч байгаа. Бенз моторуудад орох эд анги гээд 30 мянган ам. доллараар гардаг юмнуудыг ердөө зургаан мянгаар гаргаж өгч болж байна. Чанарын хувьд ямар ч ялгаагүй. Илүү ч хийж болох талтай. Одоо энэ Сүхээлэй дүү бол манай үйлдвэрийн яг тэр зохион бүтээх албаны хүн энэ гадаа нүх ухаж явна. Тэмүүлэн, Тулгаа, бас нэг охин бий. Эднийг ахалдаг хүн нь дээр ургийн уулзалтын үеэр тантай уулзсан гэх Дэмбрэлдорж инженер, тэр сахалтай залуу. Эд маань анхны бүтээлээ өлгийдөж аваад урамтай байгаа. Сайхан л байна.
-За сонин байна, юу билээ тэр нь?
- Гар утасны сүлжээнүүдийн цамхаг гээд уул толгодын оройгоор юм босгоод байгаа биз дээ. Түүний чинь хөргөлт гээд их цахилгаан иддэг. Үүнийг л тог ашиглахгүй болгох бүтээл дээр ажиллаж байгаа юм шүү дээ. Анхны бүтээл нь гараад ирсэн, Мобикомд туршаад амжилттай болсон. Эднийх чинь цахилгаан хэрэглээнийхээ 70 хувийг зөвхөн тэр хөргөх системд зарцуулдаг байхгүй юу. Ингээд зөвхөн Мобиком төдийгүй төрийн холбоо, Монголд байгаа бүх дата төвүүдэд нэгэн адил ашиглагдана. Тэр ч байтугай япончууд мэдээлэл авсан дороо манай бүтээлүүдийг бүгдийг авна гээд мэдэгдээд байгаа нь гайхамшиг. Дэврүүхэн хэлэхэд манай хүүхдүүд одоо юун цалин, зүгээр л гаднаас ороод ирсэн баахан мөнгөний тоо хараад бүртгээд сууж байх нь байна шүү дээ гэж уулга алдан хэлээд захирал тачигнатал инээсэнд бид “ура” гэж алга ташиж бүгд хэсэг зуур хөгжилдөв.
-Хүүхдүүдийн урам зориг ч жигтэйхэн сэргэсэн, шинэ албаныхан маань одоо ер нь Вензээс дутахааргүй чанарын үзүүлэлттэй эд ангиуд гаргах уриатай бужигнаж байгаа гээд л бод доо, чанар голлоно гэсэн үг гэснээр тэр их дуулиантай чихэнд чимэгтэй сонин дуулгасан яриа өндөрлөв.
Хүн нэрээ тогос өдөө. Олзбаатар нэрийг яг эзнийг нь олж өгсөн гайхамшиг, нэрэндээ эзэн болж чадсан нь бүр гайхамшиг гээд хэлэхэд уншигч абугай нар надтай санал зөрөхгүй болов уу. Туулын Олзбаатар гээд сонсоход бүсгүйчүүл л Туул нэртэйн учир энэ хүү ээжээрээ овоглосон, магадгүй ээжийгээ нөхөрт гараагүй үед мэндэлсэн гээд бодчихвол таны таавар зөвтөнө. Хотод цэргийн алба хааж нутагтаа буцаж харьсан миний зээ дүү Лодойн Дорждэрэм, мөн нутгийн бүсгүй Уртнасангийн Туул хоёр үгээ ололцоод хамт хөдөөний амьдрал хөөсөн бол тэр бяцхан хүү саланги амьдралын зовлон амсахгүй байсан байж ч болох. Гэхдээ хүний амьдралыг хөндлөнгийн мань мэт яаж тааварлахав дээ. Туул, түүний ээж Уртнасан гуай бид нэг нутаг ус, тэр ч байтугай жараад онд тэдний манайх нийслэлийн 120 мянгатад зэргэлдээ байшинд аж төрдөг, бие биенээрээ орж гардаг байсан. Сүүлдээ л манайх гадагшаа томилолтоор явж бариад, тэд бас хаашаа шилжснийг мэдэхгүй бид холбоо тасарсан. Би бүр Уртнасан гуайн аавыг сайн мэднэ гээч. Олонд Огтор Дэнээ гэж алдаршсан ганц бие өвгөн миний төрсөн эцэг Лонхны Гомбынхтой айл хунар явдаг, байнга эрих эргүүлж суудаг, мааниныхаа завсраар хааяа үг алддаг байсан юм байгаа биз, Дэндэв гуай “ум маа ний бад ми хум, монди” гэдэг гээд л хавийнхан шоглож ярьдаг байсныг би санаж байна. Хүүхдэд сайн, тохитой тулхтай хөнгөн шингэн жижигхэн өвөө байдаг сан.
Миний хувьд тэртээ хожуу нийслэлийн аравдугаар хороололд явж байгаад санаандгүй Олзоогийн ээжтэй таардаг юм. Туул маань хүүгийнхээ ажил дээгүүр ороод гарч явснаа баяр хөөр болж намайг дагуулан буцаж орж хүүтэйгээ танилцуулсанд хүү нь ч танихын аргагүй ханхайсан том эр над хацраа өгч үнсүүлж өрөөндөө урьж цай цүй болж хэсэг зуур ярьж сууж байгаад гарсан юм даг. Сүүлд аавыг нь өөд болоход дахин таарсан ч ажил явдлын үеэр юун тавалж суух зав байхсан билээ. Ажил төрөлтэй завгүй хүүхдэд тээр болохоос түдгэлзээд би ч нэг их шамдахгүй явсаар нарийндаа гэвэл сая л нүүр тулж уулзаж тухалж ярилцаж байгаа маань энэ. Олзоо, түүний хань М.Дэлгэрмаа бүсгүй хоёрыг би ухаантай сайхан хүүхдүүд гэж боддог. Нүүр үзээд ч хэлж байгаа юм биш. Эцгээсээ хол хөндий өссөн ч амьдрал ойлгож ухаан суусан цагаасаа ойртон шадарлаж эднийгээ харж ханддаг болсныг дуулаад баярлаж л явдаг. “Биеэ мэдвэл хүн, билчээрээ танивал мал” гэж үг байдаг даа. Аавыгаа ханийн нь хамт өөрсдийн зардлаар урд хөршид авч явж юм үзүүлж газар таниулж эмч домчид хандсан гэж байгаа. Эцгийгээ өнгөрөхөд ажил явдлын гол нурууг дүү нараасаа дутуугүй л үүрэлцэж харагдсан. Одоо дүү нарынхаа заримыг хажуудаа авч дагуулж ажиллуулж гарыг нь ганзганд хөлийг дөрөөнд хүргэлцэж явна. Ажил төрөл нь овоо урагштай гээд сая чихэнд чимэгтэй үг дуулгасан тэр Сүхээлэй хүү бол дүү Шижирбаярын нь ууган хүү Сүхбат шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлаж байгаа нь тэр дээ. Сайн ахын буян, үг сургамж, халамж дэмжлэгээр тэр хүү удахгүй цахиур хагалаад гараад ирнэ гэх итгэл холгүй л болов уу, цаашдын хувь заяа чухамхүү өөрөөс нь л хамаарна гээд хэлчихэе.
Олзбаатар гэдэг бол ховорхон содон нэр. Энэ нэрийг анх сонссон хэн ч Доржбаатар юмуу Зоригтбаатар гэхчлэн жирийн нэрстэй адилтгаж чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхгүй л болов уу. Нэр ер нь хүнийг өөд татдаг гэдгийн амьд жишээг би өдий өтөл буурал болтлоо захаас аван мэдэрсээр л явна. Нутгийн хуурай дүү, тэр ч байтугай нэг хондонд гучин жилийн зайтай өсч өндийсэн Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш гээд бас нэг их ажилч зүтгэлтэй залууг би шагшин магтаж “Түмэн ажлын ард түүртээ нь үгүй нэгэн” гэж бичиж байлаа. Топ аж ахуйгаар нэг биш удаа шалгарч ирсэн “Хасу мегаватт” ХХК-ний ерөнхий захирал гээд хүмүүс андахгүй дээ. ...Эрхэм дүүгийн хийсэн ажил, амжуулсан бүтээл, хэн бүхний санаанд багтамгүй их ачаалалтай явааг бодохуй дор ухаант эцэг эх нь ууган хүүгээ чухам л ирээдүй хойчид түмэн ажлын ард гарч түмний манлайд жагсахыг мэдэрч Түмэн-Аюуш нэр хайрласан болов уу гэсэн бодол төрөх ажгу... гэж өгүүлсэн маань санаанд орж байна. Түмэн-Аюуш нь Олзоогоос гурав дөрөв ах болов уу, түүнээс биш сайхь хоёр залуугийн ажилсаг зан, амьдрал тэмүүлэл бараг ихэр юм шиг санагдана. Томчуулын хүүхэд шиг Харвард, Оксфорд гэж зүтгээгүй харьцангуй өртөг “хямд” дотоодын бүтээгдэхүүн. Хоёулаа ШУТИС төгссөн, нэг нь дулааны, нөгөө нь хөргөлтийн гэвч энэ бол нэг л мэргэжлийн алганы ар өвөр хоёр биз дээ, одоо хоёул тухайн салбарынхаа зөвлөх инженер гээд эдний сурсан дэвжсэн шат гишгүүр нь нэг л жимээр өгсч гарч ирсэн байх юм. Хоёул засагт хаан, сартуул зүгийн нутгаас хань бүлээ сонгосон, Түмээгийн хань Д.Алтанцэцэг нөхөртэйгээ хамт сурч төгссөн, мэргэжлээрээ тэндээ багшлаад одоо ахмад багшийн тоонд жагсч яваа. Олзоогийн гэргий М.Дэлгэрмаа компанийхаа дэд, өрхийн төдийгүй байгууллагын санхүүг атгаж байгаа хүн болж таарч байна. Хоёр айл тус бүр ганц ганц хүүхэдтэй. Түмэн-Аюушийн Оргил хүү мөн ШУТИС төгссөн, аавынхаа биеийг чилээрхэх үеэс албыг нь залгуулаад болгоод л явж байна. Олзоогийн охин Чимидцэрэн Австралид суралцаж барилгын архитекторч болсон хүн гэсэн, эдүгээ нэг том компанид мэргэжлээрээ зүтгэж яваа гэх ийм л ажил амьдралтай хүмүүс.
Юутай ч Хан Хэнтий нутгийн урд үзүүр, хүн бүл цөөтэй Галшар нутгаас төрд данстай түмэнд үнэлгээтэй хоёрын хоёр зөвлөх инженер хоёр зууны заагт зэрэг тодроод хотол олондоо эрдэм мэдлэгээ дүгнүүлж ид чадлаа гайхуулж яваа нь энэ цагийн бодит үнэн. Олны дундаас онцгойрч цоорсон хэн нэгнийг од гээд цоллодог юм бол орчлонд биш ойрхон хажууд маань газрын холд зартай Галшар нутагт маань хос од гийсэн байна шүү. Олзбаатарыгаа нэгий нь гэе, олны танил зөвлөх инженер Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сүхбаатарын одонт Түмэн-Аюушийгаа ихэрлүүлээд цоллочихоё. Тунгалаг цорж Занын Агваанбалдан, Артын мэргэн бандид Балбарын Жамьяндамбийням, хожуухан төрснөөс атомын физикийн дэлхийд данстай эрдэмтэн Даржаагийн Чүлтэм гээд Галшарын довноос тодорч гарсан нэр цуутан мэргэдийн шийрийг хатааж яваа эдгээр залуусаар бахархахгүй байхын эрх бидэнд үнэндээ алга. Ганц бизнес биш олимп спорт, орон нутаг гээд цацаж сарвайж олныг оройлон зүтгэж ирсэн онцгой гавьяагаараа төр түмэнд эрт үнэлэгдсэн Түмэн-Аюушийн цол гуншин, шан өргөмжлөл бүр явж өгснийг хэн бүхэн мэднэ. Харин Олзбаатарын хувьд өнөөдөртөө “битүү морь” гэлээ ч зөвхөн шан харамжаар хүн үнэлэгдэхгүй гэдгийг хэн бүхэн зөвшөөрөх байх. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гэх замын анхааруулга үг өнөөдөр энэ хүнд зөвхөн залуурын ард суухад бус эрхэм инженер та тавьсан зорилгодоо урьдын адил улайрсан чигэрээ улайрч, улам шинийг сэдээд л яв, таныг таагдашгүй их ирээдүй хүлээж байгаа шүү гэдгийг давхар хэлж өгч байгаа гэснээр өвгөн бичээч ах нь нуршуу яриагаа эвхэж авч нутгийн дүүдээ өлзий хутаг ерөөе дөө.
МУСГЗ, ахмад сэтгүүлч Лувсандоогийн Гүнсэн


















