Он гарсаар 11 удаа ой, хээрийн түймэр гарчээ
Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн улмаас хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогджээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богинын аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнд урьдчилсан байдлаар хоёр га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна. Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн улмаас хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогджээ.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, 6 авто машин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, 7 авто машин, 2 мотоцикль, орон нутгаас 192 иргэн, 19 авто машин тус тус дайчлагдан нийт 357 хүн, 32 авто машин, 2 мотоцикльтой ажилласан байна.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гарсан ой, хээрийн гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа аж. Ер нь хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


















