Он гарснаас хойш 37 хүн амиа хорложээ
Маргааш “Амиа хорлохын эсрэг” дэлхийн өдөр тохионо.
Мэдээллийн алба

Маргааш “Амиа хорлохын эсрэг” дэлхийн өдөр тохионо. Энэ жил энэ өдрийг “Холбогд. Харилц. Халамжил” уриатай тэмдэглэх юм. Түүнчлэн тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдтэй хамтран Ерөнхий боловсролын бүх сургуулиудад “Холбогд. Харилц. Халамжил” уриатай зурагт хуудас хүргүүлэх, олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр мэдээлэл сурталчилгааны цуврал материал түгээх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж олон нийтийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах юм.
.jpg)
Дэлхий дээр жил бүр 800 мянган хүн амиа хорлолтын улмаас нас бардаг тухай мэдээлэл байна. 15-29 насны залуучуудын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог. Амиа хорлох нь зөвхөн гэр бүл төдийгүй, хамт олон найз нөхдөд сэтгэл зүйн хямрал үүсгэдэг, ар гэрийнхэнд удаан хугацааны шаналал бий болдгоороо нийгэмд сөрөг нөлөөтэй. Энэ нь сэтгэцийн өвчинтэй ялангуяа сэтгэл гутрал, архаг архидалттай харилцан хамааралтай ч зөрчилдөөн, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, санхүүгийн асуудал, хагацал, салалт, архаг өвдөлт зэрэг амьдралаас үүдэлтэй стрессийн үед тохиолддог байна.
Монгол Улсад 2016 оны эхний долоон сарын байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэсний улмаас амь насаа алдсан байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний зургаан сарын байдлаар 88 хүн санаатайгаар эм, химийн бодис ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд, 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хүүхэд залуучуудын хамгийн ойрын туслагч нь эцэг эх, найз нөхөд, багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар билээ. Хэцүү асуудал тулгарсан үедээ сэтгэлээ нээж бусадтай хуваалцах, итгэсэн хүнтэйгээ асуудлыг хамтран шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын бус боловсрол, бизнес, хөдөлмөр, хууль зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, зохицуулалт, олон талт арга хэмжээ шаардлагатай асуудал болж байна.
Холбогд: Бидний дунд гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлосон, сэтгэл гутралтай, хорт зуршилд автсан, амиа егүүтгэх зан үйлтэй хүмүүс байвал тэднийг ойлгож анхаарах нь амиа хорлохоос сэргийлэх гол арга юм. Тэдэнд туслан дэмжих хэн нэгэн байх заавал шаардлагатай.
Харилц: Амиа хорлох эрсдэлтэй хүмүүстэй үр нөлөөтэй харилцан ажиллахад хүмүүсийг чадавхжуулах, ам дамжсан буруу ойлголтоос илүү түүний тухай нээлттэй ярилцах нь чухал. Энэ сэдвээр ярилцахдаа нууцыг хадгалан ярилцах нь зүйтэй.
Халамжил: Амиа хорлолтоос сэргийлэх нь төр засаг, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын эн тэргүүнд тавих асуудал бөгөөд байгууллага, хамт олон эмзэг бүлгийнхэн, амиа егүүтгэх эрсдэлтэй хүн бүрт анхаарлаа хандуулж тэдний хэрэгцээг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг. Бид өөрсдөдөө, эргэн тойрныхондоо анхаарч, цаг гарган, тэдний төлөө хүчин чармайлт гаргацгаая.


















