Оноос өмнө 5500 тонн шахмал түлш хэрэглэгчдийн гар дээр хүрнэ
Энэ дагуу тус ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтанд “Аморе интернэшнл” ХХК 16 893 800 000.00 (Арван зургаан тэрбум найман зуун ерэн гурван сая найман зуун мянга) төгрөгийн гүйцэтгэх ажлын санал ирүүлснээр сонгогдож байжээ.
Мэдээллийн алба

АН-ын уламжлалт “4:11 сэтгүүлчидтэй уулзах цаг” энэ удаа ТЭЦ-II дээр боллоо. Тус станцыг түшиглэн байгуулагдсан хагас коксжсон түлш үйлдвэрлэх шахмал түлшний үйлдвэрийн барилга болоод түүний үйл ажиллагааны үйл явцтай холбоотой асуудлыг хөндсөн юм.

Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон ТЭЦ-II дулааны цахилгаан станцын удирдлагууд оролцлоо.
Жилээс жилд буурахгүй байгаа Улаанбаатар хотын утааг бууруулах зорилготойгоор улсын төсвөөс 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж “шахмал түлшний үйлдвэр”-ийг байгуулахаар одоогоос 3 жилийн өмнө төсвийг нь баталж өгсөн юм.
Энэ дагуу тус ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Аморе интернэшнл” ХХК 16 893 800 000.00 (Арван зургаан тэрбум найман зуун ерэн гурван сая найман зуун мянга) төгрөгийн гүйцэтгэх ажлын санал ирүүлснээр сонгогдож байжээ.
Түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр эхэлсэн шахмал түлшний үйлдвэрийн барилгын ажил 2011.04.10-нд албан ёсоор эхэлж, мөн оныхоо 11 дүгээр сарын 01-нд дуусаж бүрэн ашиглалтад орсон аж.

Утааг бууруулах зорилготой шахмал түлшний нийлүүлэлтийн эхний ээлж энэ ондоо багтан хэрэглэгчдийнхээ гар дээр очно гэнэ. Ингэснээр Улаанбаатарын утааг бүхэлд нь биш ч гэсэн 1 хувиар буулгах болно хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байлаа.
Хагас коксжсон түлш өнөөдөр дэлхийн зах зээл дээр 1 тонн 200 ам.доллар байгаа бол хэрэглэгчдийн гар дээр 170 мянган төгрөгөөр нийлүүлэгдэх юм байна.

Хэдийгээр улсын комисс өнөөдрийн хүртэл тус үйлдвэрийг ашиглалтад хүлээж аваагүй байгаа ч, гүйцэтгэгч компанийн зүгээс түлхүүр гардуулж өгөхөд бэлэн байгаагаа энэ үеэр “Аморе интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэн хэлсэн юм. Гэхдээ өнөөдрийн хувьд хоёр зуух баригдахаас нэг зуух нь баригдаагүй үлдсэн учир зарим нэг ажил зогсох байдалд хүрээд байгаагаа нуусангүй, харин ч үүнтэй холбоотой хариуцлагаа үүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Дашрамд өгүүлэхэд өнөөдрийн хүртэл утааны эсрэг хөрөнгө оруулалтыг Цэвэр агаар сангаар дамжуулан нийтдээ 92.5 тэрбум төгрөг төсөвлөж өгснөөс 67.0 тэрбум төгрөгийг зарцуулсан тухай албан ёсны мэдээлэл байдаг аж. Тухайлбал 2013 оны 01 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд189203 айл өрх байдаг статистик тоо баримт байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаант гэхэд Цэвэр агаар сангийн татаастайгаар 122086 ширхэг зуух, Нийслэлийн агаарын чанарын алба 7500 ширхэг зуухыг гэр хорооллын айл өрхөд хүргэжээ. Энэ нь гэр хорооллын нийт айл өрхийн 68.5 хувийг эзлэх хэмжээний үзүүлэлт ажээ. Төслийн 122086 ширхэг зуухыг тараахад нийтдээ 16.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Нийт тараагдсан зуухны 48 хувийг Өлзий зуух эзэлдэг бол 31 хувийг Дөл зуух, 13 хувийг Хас зуух эзэлсэн дүн мэдээтэй байна.

Төслийн зуух түгээлтийн ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр болжээ. 2013-2014 оны зуух түгээлтэд нийтдээ 45000 мянган ширхэг зуухыг гэр хорооллын шаардлагатай айл өрхөд хүргэх юм байна. Тус ажлыг Дэлхийн банк болон ЦАС-ийн 91 хувийн татаастайгаар хийж гүйцэтгэх гэнэ.
Тиймээс энэ ондоо багтаан шахмал түлшний үйлдвэрийн зүгээс нийслэлчүүдтэй 5500 тонн шахмал түлшийг эхний ээлжинд хүргэхээр зорьж ажиллаж байгаа ажээ.




















